Хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөтөлбөрийн уралдаанд оролцохыг урьж байна

A- A A+
Хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөтөлбөрийн уралдаанд оролцохыг урьж байна

Хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөтөлбөрийн уралдаанд оролцохыг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум сургуулийн насны хүүхдийн чөлөөт цагийг зөв зохион байгуулж тэднийг хөгжүүлэх зорилготой хичээлээс гадуурх хөтөлбөрийн уралдаан зарлаж байна. Хүүхдийг бүтээлч хувь хүн, идэвхтэй иргэн, хүмүүнлэг энэрэнгүй хүн болгож төлөвшүүлэхэд сургуулиас гадна мэргэжлийн материаллаг бааз, боловсон хүчинтэй урлаг соёлын үйлчилгээний байгууллага, дадлага туршлага бүхий төрийн, төрийн бус болон хүмүүнлэгийн байгууллага, мэдлэг боловсролтой ахмад настан, эцэг эх, иргэд зэрэг нөөц эх сурвалжууд бидний эргэн тойронд байна. Нийгмийн нөөц, боломжуудыг ашиглан хүүхдийн нас, сэтгэцийн онцлогт нийцсэн арга хэлбэрээр тэднийг нийгмийн, хувийн болон иргэний идэвхтэй амьдралд бэлтгэх зорилготой хичээлээс гадуурх хөтөлбөр шалгаруулах энэхүү уралдаанд төрийн болон мэргэжлийн байгууллага, төрийн бус, хүмүүнлэгийн байгууллага, иргэд, хамт олон та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Уралдаанд ирүүлсэн материалуудаас шилдэг нэг хөтөлбөрийг шалгаруулан, уг хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг шагнал болгож олгох юм. Үүнээс гадна, 5 хүртэлх хөтөлбөрийг сонгон авч хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг олоход чиглэсэн нөлөөллийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Хөтөлбөрийг үнэлэхдээ дараах шалгууруудыг баримтална. Үүнд:  

 А. Ач холбогдол: хүүхдийн ур чадвар, үнэт зүйлс, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэлгээ, авъяас сонирхлыг хөгжүүлж идэвхтэй иргэн, бүтээлч хувь хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах
Б. Нийгмийн нөөц боломжийг дайчилсан байдал: тухайн сум дүүрэг, орон нутагт байгаа мэргэжлийн, материаллаг болон хүний нөөцийг оновчтой, зохимжтой арга хэлбэрээр дайчилсан байх
В. Тогтвортой байдал: хот, хөдөөгийн нөхцөлд, нийгэм, эдийн засгийн янз бүрийн орчинд хуулбарлан хэрэгжүүлэх боломжтой, нэг удаагийн арга хэмжээ бус тодорхой урт хугацааны туршид хэрэгжих бүрэн хэмжээний хөтөлбөр байх
зэрэг болно.

Хичээлээс гадуурх хөтөлбөрийн уралдаанд ирүүлэх материалыг 2008 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл ННФ-д шуудан, цахилгаан шуудан юмуу хаягаар биечлэн хүргэж болно. Уралдаанд оролцох тухай Өргөдлийн маягт [DOC],       Товч удирдамж [DOC] ийг ННФ-ын байранд ирж авах, www.forum.mn веб хуудаснаас татаж авах боломжтой. Утсаар болон биечлэн зөвлөгөө өгөх боломжгүй болно. 

Өргөдлийн маягт [DOC]

Товч удирдамж [DOC]