БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГЫН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЕНЕЖМЕНТ

A- A A+
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГЫН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЕНЕЖМЕНТ

Юуны өмнө Монгол Улсын албан ёсоор нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын анхны тайлан 2008 онд гарсан нь Нээлттэй Нийгэм Форумын өмнөх жилүүдийн ажлын нэг үр дүн байлаа. Анхны тайлангаар уул уурхайн компаниудын улсад төлсөн гэх, мөн Засгийн газрын компаниудаас авсан гэх дүн мэдээ 96 тэрбум төгрөгөөр зөрсөн нь нийгмийн анхаарлыг татсан юм. Уг тайлан гарсантай холбогдуулан “Төлсөн авснаа нийтэл” эвсэлтэй хамтран иргэний нийгмийн байр суурийг илэрхийлсэн дүн шинжилгээ хийж, гол дүгнэлтүүдээ хэвлэлийн бага хурал зохион байгуулан танилцууллаа. Тайлангийн дүнгээр гарсан татвар, төлбөрийн зөрүүг цааш нь судлан, учир шалтгааныг олон нийтэд тайлбарлалаа. Түүнчлэн уг санаачилгын хоёрдугаар тайланг яаралтай гаргах ажлыг бусад иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгох зорилгоор Нээлттэй Нийгэм Форум “Лиценз ажиглагч” хэмээх мэдээллийн тоймыг хоёр сар тутамд бэлтгэж, тусгай зөвшөөрлийн тухай статистик мэдээг олон нийтэд хүргэж байна. Ингэснээр лицензийн тоонд гарч буй өөрчлөлт, газар зүйн тархалт, хөрөнгө оруулагчийн тухай мэдээллийг иргэд ажиглах боломжтой болов.

Орон нутгийн түвшинд уул уурхайн орлого, лиценз олголт, гэрээний ил тод байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахад нь иргэний нийгмийн хэд хэдэн байгууллагад дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, Хөвсгөл Далайн Эзэд ТББ, Өнөөдрийн Баянхонгор сонин зэрэг байгууллага аймагтаа олгогдсон лиценз, компаниудын санхүүтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгох төсөл хэрэгжүүлсэн бол Хонгор Нутгийн Дуудлага, Хил Хязгааргүй Алхам зэрэг ТББ орон нутгийн түвшинд уул уурхайн салбарын ил тод байдлыг хангахад учирч буй хүндрэл бэрхшээл, салбарын орон нутагт үзүүлж буй үр нөлөөний талаар олон талын оролцоот хэлэлцүүлэг зохион байгуулав. Уул уурхайн компаниудын ил тод байдлыг үнэлсэн “Ил тод уул уурхай” төслийг Ил Тод Байдал Сан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Төлсөн авснаа нийтэл” эвслээс ОҮИТБС-ыг сурталчлах бүсийн цуврал уулзалтыг санаачилгын Ажлын албатай хамтран Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад зохион байгууллаа.

Хамтран ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх үүднээс Орлогын Ажиглагч хүрээлэнгээс гаргасан “Гүн өрөмдөж үзэхүй” гарын авлага, Пол Коллиерийн “Адагт үлдсэн тэрбум”, Жаред Даймондын “Сүйрэл” зэрэг номыг орчуулан хэвлэлд бэлтгэлээ.

Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын түвшинд олборлох салбарын ил тод байдлыг дэмжих ажилд Нээлттэй Нийгэм Форум болон “Төлсөн авснаа нийтэл” эвсэл идэвхтэй оролцож ирлээ. “Төлснөө нийтэл” олон улсын эвслийн Стратегийн зөвлөх бүлэгт Нээлттэй Нийгэм Форумын төлөөлөгч идэвхтэй оролцон ажилласнаас гадна Төв Ази, Кавказын бүсийн иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд эвслийн төлөөлөгчид Украин улсын Одесса хотод болсон уулзалтад оролцож туршлага солилцлоо.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар болон уул уурхайн салбарын бодлогын бусад асуудлаар Орлогын Ажиглагч хүрээлэнтэй хамтран бодлогын дүн шинжилгээ бэлтгэнж олон нийт, бодлого боловсруулагчдад хүргэлээ. Тухайлбал, уул уурхайн салбарт төрөөс хувь эзэмших хэлбэрээр оролцох, бүтээгдэхүүн хуваах зарчмаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг асуудлаар хийсэн дүн шинжилгээ олон нийтийн анхаарлыг татсан, чухал үр дүнтэй ажил болсон юм.