ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

A- A A+
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Түншлэгч байгууллагын хувьд ННФ нь тоон мэдээллээр хангах, тус улсын талаар тооцоолсон индексийг шалгах зэргээр хамтран ажилладаг. Монгол дахь эдийн засгийн эрх чөлөөг хэмжих чадавхийг бэхжүүлэх явдлыг дэмжих, эдийн засгийн эрх чөлөөний гол асуудлуудад бодлого боловсруулагчид, олон нийтийн анхаарлыг хандуулах нь энэ ажлын гол зорилго юм. Энэ үүднээс ННФ Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуультай хамтран “Монголын эдийн засгийн эрх чөлөөний тойм”-(МЭЗЭЧТ)-г тухайн жилд тулгарч байгаа эдийн засгийн шийдвэрлэх асуудлаар боловсруулан гаргаж байна.

2008 оны “Монголын эдийн засгийн эрх чөлөөний жилийн тойм”судалгаагаар “Эдийн засаг дахь төрийн оролцоо” сэдвийг сонгон судаллаа. Төсвийн орлого ихээхэн өссөн байдлыг харгалзан төсвийн зарлага, хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй тодорхойлох, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлага улам хурцаар тавигдаж байгаа үед эдийн засаг дахь төрийн оролцоо, үүргийг эргэж харах, судлах, зах зээлийн эдийн засагт төрийн зохицуулалтын оновчтой үүргийг тодорхойлох, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, цаашид төрийн оролцоог төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна. 2008 оны Эдийн засгийн эрх чөлөөний тойм судалгааны гол зорилго нь Монголын эдийн засаг дахь төрийн оролцоог олон улсын стандарт, туршлага, түүхэн хөгжлийн зүгээс авч үзэх, харьцуулах, зохистой оролцооны хэлбэрийг тодорхойлоход оршиж байна. Мөн төсвийн орлого, зарлага, төрийн үйлчилгээ болон түүний үр өгөөж, мөнгөний бодлого болон санхүүгийн салбарын зохицуулалтын анализ хийхийн зэрэгцээ төрийн өмчийн үйлдвэр болон бусад сонгогдсон салбарууд дахь төрийн оролцоог шинжилж дүгнэсэн болно.

Төрийн оролцоо өөрөө том сэдэв учраас нэг тоймд багтаах нь нэн хэцүү ч уншигч тус тоймоос зах зээлийн эдийн засаг дахь төрийн оролцооны онол, зарчим, практик, түүхэн хөгжил, өөрийн орны онцлог зэргийг дэлхийн бусад орны туршлагатай харьцуулах, эрдэмтэн судлаачдын дүгнэлт зөвлөмжтэй танилцах боломжтой боллоо.
Уламжлал ёсоор 2008 оны тоймын үр дүн, санал зөвлөмжийг бодлого боловсруулагчид, эдийн засагчид, компаниудын тэргүүнүүд, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, судлаачдад танилцуулан хэлэлцүүлж тэдний санаа бодол, санал шүүмжийг тоймын эцсийн хувилбарт тусгалаа. Энэ төрлийн уулзалт ярилцлага болон судалгааны хэвлэмэл хувилбар нь эдийн засгийн эрх чөлөөнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, гол асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулахад тус дөхөм болж байгаа бөгөөд цаашдаа Монголын эдийн засгийн бодлогын талаарх илүү өргөн хүрээтэй мэтгэлцээн өрнөхөд хүргэнэ гэж ННФ үздэг юм.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэд хэдэн судалгааны ажил хийгдэж олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны тухай хууль”-д өөрчлөлт оруулна гэсэнтэй холбогдуулан энэхүү хууль, үйл ажиллагааны бодит байдалд дүн шинжилгээ хийж, , хуулинд оруулах өөрчлөлтөд санал оруулах, бодлогын хувилбар боловсруулах ажлыг хийж эхлээд дуусах шатандаа ороод байна. Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчны шинжилгээний хүрээнд 2000 болон 2005 онд батлагдсан хуулиуд болон 2007 оны нэмэлт өөрчлөлтийн харьцуулалт, худалдан авах ажиллагаа болон авилгатай холбоотой эрх зүйн актуудын жагсаалт, шинжилгээг нарийвчлан судалсан болно. Худалдан авах тогтолцооны өнөөгийн бүтцийн чиг үүрэг, нэгжүүд, бодлогын орчныг шинжилсний зэрэгцээ хэд хэдэн нийтлэл, өгүүллийг нөлөөллийн үйл ажиллагаа болгон өдөр тутмын сонинд хэвлүүллээ.

Түүнчлэн бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого” судалгааг хийв. Судалгааны гол дүгнэлт нь манай улсад инфляци нь макро эдийн засгийн мөчлөгийн өсөлттэй давхцсан бөгөөд инфляцитай тэмцэхийн тулд эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чиглэсэн цогц бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн болно. Эдийн засгийн бүтцийг байгаль орчин болон гаднын зах зээлээс аль болох хараат бус болгон өөрчлөхөд чиглэсэн урт хугацаанд бодлогын хувилбар хэрэгтэй байна.