Мөн ДЕЛТА төслийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулах, сонгогдсон сумдын эдийн засгийн хөгжлийн явцыг мэдээлж байх үүднээс ДЕЛТА вэб сайтыг 2008 онд ажиллуулж эхлээд байна. Вэб сайтыг шинэчлэх ажлыг хариуцсан орон нутгийн захиргаа, бизнесийн хөгжлийн албаны ажилтнуудад зориулан веб сайтыг хэрхэн шинэчлэх талаар сургалт хийлээ.
Санхүүгийн төвлөрлийг бууруулах ажлын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум 2008 оны 12 дугаар сарын 20-нд Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хууль Зүйн Үндэсний Төвтэй хамтран “Хариуцлагатай төр: Санхүүгийн төвлөрөл, нутгийн өөрөө удирдах ёс” үндэсний форумыг зохион байгуулав. Форумд УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар, нийслэл, дүүргийн удирдлага, иргэний нийгмийн болон сургалт, эрдэм, шинжилгээний байгууллагуудын төлөөөлөл оролцон тодорхой сэдвээр илтгэл тавьлаа. Форумаар төрийн санхүү, төсвийн төвлөрөл, төр засгаас барьж буй бодлого, хийх ажлын чиглэл, төрийн захиргааны шинэчлэл, олон улсын туршлага, орон нутгийн ардчилал, нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн төсвийн орлого ба зарлагын хуваарилалт зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэв. Форумын үр дүнд оролцогчдоос төвлөрлийг сааруулах, төв ба орон нутгийн засаглалын харилцааг цаашид шинэчлэх чиглэлээр тодорхой зөвлөмж боловсруулан төр, засгийн байгууллагад илгээж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн болно.
Тэрчлэн Бүсийн Хөгжлийн Санаачилга ТББ-тай хамтран “Орон нутгийн төсвийн орлогын хуваарилалт” судалгааны ажлыг эхлүүлэв. Гол зорилго нь төвлөрлийг сааруулах бодлого болон түүнийг төсвийн арга замаар хэрхэн хангаж байгааг задлан шинжилж үнэлгээ өгөх явдал юм. Үнэлгээнд үндэслэн цаашид орон нутаг өөрөө захиран зарцуулах боломжтой төсвийн тогтвортой орлогыг бий болгох бодлогын хувилбарууд дэвшүүлж, хэрэгжүүлэх арга замыг санал болгохоор ажиллаж байна. Үүний тулд “Одоогийн төсөв санхүүгийн тогтолцоо нь орон нутагт хангалттай, урьдчилан тодорхойлох боломжтой, бие даасан, шударга тэгш байж чадаж байна уу?” гэсэн бодлогын асуултад хариулт өгөх зорилтыг тавьсан. Судалгааны ажил 2008 оны 10 дугаар сараас эхлэн хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд судалгааны баг 2006-2008 оны орон нутгийн төсвийн орлогын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, орон нутгийн татварын орлого тус бүрийн төсөвт гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн өсөлт, бууралтад дүгнэлт хийж, аймаг, сумдын татвар тус бүрийн эрх, хэмжээг судалжээ. Судалгаанд аймаг, сумын үндсэн татвар болох 18 нэр төрлийн татварыг зохицуулж буй хууль, тогтоомжийн судалгааг хийж, орон нутгийн захиргаадын эдгээр татварыг ногдуулах, хувь хэмжээг нь тодорхойлох, хөнгөлөх, чөлөөлөх, хураах, орлогоо өөртөө төвлөрүүлэх зэрэг эрх мэдлийг үнэлж дүгнэлт өгөв. Судалгааны мэдээллийг цуглуулахдаа хоёр аймгийн төв, тэдгээрийн дөрвөн сумын 70 гаруй албан тушаалтантай уулзаж ярилцсан байна.
Судалгаанаас үзэхэд аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллагад татварын эрх хэмжээ маш хязгаарлагдмал буюу бараг байхгүйтэй адил байна. Сумын ИТХ-ын хувьд орон нутагт татвар тогтоох талаар ямар ч эрх мэдэл байхгүй байна. Зарим татвартай холбоотой эрхүүд нь аймгийн түвшинд ихэнх нь төрийн удирдлагын дээд байгууллагад төвлөрсөн байна. Сонгодог утгаараа манайд орон нутгийн татвар байхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Татварын ерөнхий хууль болон төсвийн хуулиар орон нутгийн гэж хуваарилсан татварууд нь бүгд үнэн хэрэгтээ улсын төсвийн татвар болж байна. Орон нутагт бие даасан, хувь хэмжээг нь өөрөө тогтоон хураах татварын орлого огт байдаггүй байна. |
Санхүүгийн төвлөрлийг бууруулах ажлын хүрээнд боловсролын салбарын үүрэг функцийн хуваарилалтын талаарх судалгааны ажлыг ННФ хийлээ. Энэхүү судалгаанаас төв Засгийн газар, орон нутгийн удирдлага болон сургууль тус тусдаа ямар чиг үүрэгтэй болохыг тодорхой харж болох бөгөөд цаашид эдгээрийг хэрхэн боловсронгуй болгох талаарх саналыг боловсруулахаар бэлтгэж юм.