Иймээс тэтгэврийн сангийн ил тод, хариуцлагатай үйл ажиллагааны зарчмуудыг холбогдох хуулиудад суулгах талаарх зөвлөмжийг Монголын нөхцөлд тохируулан судлах ажлыг цаашид хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн ННФ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын бодлогын орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандууллаа. Тухайлбал, ННФ-ын бодлогын судлаач Д.Чимиддагва эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог судалж, шийдэх шаардлагатай асуудлуудыг тоймлон гаргасан болно. Судалгаанаас үзэхэд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн дийлэнх хэсэг нь хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд зарцуулагдаж, харин өвчнөөс сэргийлэх зорилготой нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд хөрөнгө дутагдаж байгаа нь энэ салбарын хөрөнгө хуваарилалт, зардлын үр ашгийг нухацтай судлах шаардлагатайг харуулж байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь салбарыг санхүүжүүлэхэд нэмэлт хөрөнгө дайчлах үүргээ хангалттай биелүүлж байгаа ч даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргээ биелүүлж чадахгүй байна. Цаашлаад эрүүл мэндийн даатгалын төлбөрийг эмнэлгийн үйлчилгээний чанарт хийсэн хөндлөнгийн хяналтын үндсэн тооцдог болох арга замыг 2008-2009 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судлахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний эрхийн тодорхой зарчмуудыг эрүүл мэндийн бодлогод тусгах, энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилго бүхий төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах төслийг ННФ 2008 оноос эхлэн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн үр дүнг зөв тодорхойлох, хэрэгцээ шаарлагыг судлах зорилгын хүрээнд 2008 онд Украины Эмнэлгээр Үйлчлүүлэгчдийн Аюулгүй байдал, Эрхийг Хамгаалах байгууллагуудын зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй бүс нутгийн санаачилгад оролцсон бөгөөд тавдугаар сард тус улсын Киев хотноо зохиогдсон анхны уулзалтад Монголын ЭМЯ-ны мэргэжилтнийг оролцуулсан нь эмнэлгээр үйлчлүүлэгчдийн асуудлаар бодлого боловсруулагчдад зохих мэдлэг мэдээлэл хүргэх ач холбогдолтой байлаа. Мөн 2008 оны 11 дүгээр сард Казахстан улсын Алма Ата хотноо зохион байгуулагдсан хоёрдахь шатны уулзалтад Монголын Гемофилигийн Холбоо, Монголын Нийтийн Эрүүл Мэндийн Ажилтнуудын Холбоо, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн ажилтнуудыг оролцуулж туршлага судлуулав.
Түүнчлэн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрхийн байдлыг судлах зорилгоор Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сэдэв зарлаад байна.