УИХ-ын гишүүн ёс зүйн дүрмийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн протокол, 2004-03-17

A- A A+
УИХ-ын гишүүн ёс зүйн дүрмийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн протокол, 2004-03-17

Төв аймаг, Зуун мод сум

“УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”, Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм”, УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрэм”-ийн төслүүдийн талаар санал солилцох зорилготой энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Алтай, Г.Төртогтох, МННФ /Соросын сан/ -ын удирдах зөвлөлийн гишүүн Нарантуяа, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд болон Төв аймгийн Зуун мод хотын олон нийт иргэд, төрийн бус байгууллага, төр захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д. Алтай дээрх дүрмүүдийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хэлэлцүүлэгт Цэрэндорж /6-р багийн Засаг дарга/, иргэн Лхасүрэн, Л.Саран-Эрдэнэ, П.Цэлмэг /Бизнес эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/, Ц.Доржготов /хувийн эмнэлгийн эрхлэгч/, С.Цогбаяр /ТЗХЗХ-ийн орлогч дарга/, Г.Энхмаа /ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн/, Гаваа /4-р сургуулийн багш/, Ш.Батцэцэг /иргэн/ нарын хүмүүс оролцож асуулт тавьж, санал бодлоо илэрхийллээ.

Уулзалтад оролцогсод, ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнийг тухайн намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхгүй тохиолдолд хариуцлага хэрхэн тооцох, уг дүрэм өнөөгийн байдалтай хэр нийцэж байгаа, УИХ-ын гишүүн сонгогдсон тойргоо төлөөлөх эрх нь дүрэмтэй хэр уялдаж буй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг шийтгэдэг дүрэм болох эсэх, гишүүн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаагаанд нь гэр бүлийн гишүүд халамж дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн заалт байлгах эсэх, ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүдийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод олгох, дэд хорооны бүтцийг тэгш бус сондгой тоотой байлгах, Улсын Их Хурлын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг хэн тогтоох, хэрхэн хяналт тавих талаар асууж, өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Эдгээрт УИХ-ын гишүүд хариулахдаа, энэ бол ерөөс УИХ-ын гишүүдэд хандсан дүрэм тул одоогийн гишүүдэд нийцэж байна уу гэж боловсруулаагүй. УИХ-ын гишүүн нь тойргийн төдийгүй нийт ард түмнийхээ төлөө ажиллах ёстой, тийм ч тангарагтай гээд парламентын гишүүн, төрийн өндөр албан тушаалтны ёс зүй гэдгийг төрийн албаны ёс зүйтэй холбоотойгоор авч үздэг. Ер нь парламентын гишүүн төрийн алба хашихдаа баримтлах ёс зүйг илүү голлож авч үзсэн гэж тайлбарлав.

Харин “Гишүүн ёс зүй зөрчсөнийг нь хэн тогтоох вэ” гэдэг талаар сонгогч олон түмэн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль ч хэлбэрээр дэвшүүлсэн гомдлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо авч судалж хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн зөрчилтөй холбогдох мэдээллийг тойргийн сонгогчид ч гаргаж болно. Ёс зүйн дэд хороо хэлэлцэж дүгнэлт гаргана. Дүрмийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний биеэ авч явах зан үйлийг бүхэлд нь биш зөвхөн албан тушаалынх нь бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь холбоотой зан үйлийг голон тусгасан байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах механизм байж болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрчлэн зөвхөн хариуцлага тооцох биш хамгаалах механизмыг ч суулгасан гэв.

Парламентын гишүүдээс ёс зүйн дэд хороо сонгогддог олон орны жишгийг дагасан. Одоо хүртэл ёс зүйн дэд хороо дүрэмгүй байгаа учраас тодорхой асуудал хэлэлцэж дүгнэлт хийхэд бэрхшээл учирч байна. Тиймээс “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”, УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрэм”-ийг яаралтай батлан гаргах шаардлагатай. Дүрмийн төсөлд ёс зүйн дэд хороонд улс төрийн намуудын төлөөлөл тэгш байх, Улсын Их Хурлын ёс зүйн дэд хороо гишүүдэд ёс зүйн чиглэлээр зөвлөгөө өгдөг функцыг тусгахаар дүрмийн төгсгөлд тусгагдсан гэж тайлбарлаж байв.

Хэлэлцүүлгийг хааж Соросын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Нарантуяа хэлэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийн талаар санал солилцох хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж идэвхитэй явдалд талархал илэрхийллээ.