Судалгааны баг сонгон шалгаруулж авна
Төсвийн төвлөрлийг сааруулах, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцлүүдийн талаар бодитой мэдээлэл, мэдлэг бүрдүүлж, бодлогын хувилбар, арга замыг санал болгох зорилгоор доорх судалгааны чиглэл тус бүрээр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг шалгаруулж ажиллуулна.
Судалгааны багийн гүйцэтгэх судалгааны үндсэн чиглэл:
- Төвлөрлийг сааруулах бодлогын нөхцөл байдлыг үнэлэх, хэрэгжилтийг хангах арга замуудыг санал болгох
- Төсвийн төвлөрлийн түвшнийг харьцуулсан судалгаа. Энэ судалгааг хийхэд бусад орнуудтай харьцуулах боломж бүхий индикаторуудыг боловсруулна.
- Орон нутагт төсвийн орлого бүрдүүлэх эрх мэдлийг нэмэгдүүлэх хувилбарууд. Үүнд орон нутгийн орлого, татварын төрлийг нэмэгдүүлэх, түүнийгээ захиран зарцуулах эрх мэдлийн боломжийн судалгааг гүйцэтгэнэ. Энд үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагын татвар, байгаль орчны төлбөр, хураамж зэрэг орлогын эх үүсвэрүүдийг ашиглах боломжийг судална.
- Орлогын хуваарилалт, улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгт шижилгээ хийж, түүнийг оновчтой болгох арга зам, хувилбарыг дэвшүүлэх. Орон нутгийн орлого олох боломж хязгаарлагдмал өнөө үед төвөөс ирж буй санхүүгийн дэмжлэгийг хэрхэн зарцуулах талаар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь чухал. Зориулалтыг нь дээрээс тодорхойлсон дэмжлэгээс татгалзах ийм үйл явц төв европын орнууд, тухайлбал Болгари, Македони, Унгар, Польш зэрэгт сүүлийн жилүүдэд хийгдсэн.
- Орлогыг тэнцвэржүүлэх хувилбарууд. Монгол улсад хүн ам илүү төвлөрсөн, нэг хүнд ногдох ДНБ нь илүү өндөр хэмжээтэй аймагт нэг хүнд ногдох төсвийн зарцуулалт илүү их хэмжээтэй байгаа. Тэнцвэржүүлэлтийг хийх өөр нэг шалтгаан бол төсөв багатай аймгуудад их хэмжээний хэмнэлт үүсэхгүй тул бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг илүү өндөр байдаг явдал юм. Цаашид уул уурхайн салбараас олох орлогыг орон нутагт хуваарилахтай холбоотойгоор ихээхэн тэнцвэргүй байдал үүсэх боломжтой тул үүнийг зохицуулсан хууль тогтоомжийн хувилбаруудыг гаргаж ирэх шаардлагатай.
- Хувийн салбар орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг хангах боломж. Орон нутагт нийтлэг үйлчилгээ, тухайлбал хог, цэвэр болон бохир ус, эрчим хүч хангамж зэрэг нийтлэг үйлчилгээг сайжруулах арга замын нэг хувилбар нь хувийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн өмчийг хувьчлах явдал байдаг. Ийм боломж Монгол улсын хувьд байгаа эсэхийг судалж, хэлэлцүүлэг хийнэ.
- Төрийн үйлчилгээний чанарыг тодорхойлох
- Орон нутгийн үйлчилгээний чанарын индекс. Индексийн ач холбогдол нь орон нутаг дахь төрийн үндсэн үйлчилгээний чанарыг засаг захиргааны нэгжүүдийн хооронд харьцуулах, жилээс жилд гарч байгаа өөрчлөлтийг хянах, улмаар төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгох юм.
- Төвлөрөл ихтэй манай улсын нөхцөлд төсвийн төлөвлөлтийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байгаа. Орон нутагт төсвийн удирдлагын үйл явцад ил тод байдал, оролцоо, хариуцлага тооцолт зэрэг зарчмууд хэрэгжиж байгаа талаар харьцуулсан судалгаа хийх..
Тавигдах шаардлага:
Боловсрол: Эдийн засаг, төрийн санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр буюу докторын зэрэгтэй.
Туршлага: Улсын салбарын эдийн засгийн чиглэлээр, ялангуяа төрийн санхүү, төсвийн бодлого боловсруулах болон төв, орон нутгийн засаглалын харилцааны чиглэлээр сүүлийн 5 жил ажилласан, судалгааны ажлын туршлагатай.
Чадвар: Монгол, англи хэлний өндөр мэдлэгтэй, мэдээ материалд дүн шинжилгээ хийх, багаар ажиллах чадвар өндөртэй.
Сонирхсон байгууллага, багууд дараах материалыг /монгол хэлээр/ бүрдүүлж, битүүмжлэн 2008 оны 10-р сарын 3-ны өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал
- Ажлын ерөнхий төлөвлөгөө (гүйцэтгэх арга, хугацааг заасан байх)
- Байгууллага, багийн ахлагч, гишүүдийн талаарх мэдээлэл
- Үнийн санал
Өргөдлийг доорх хаягаар 2008 оны 10-р сарын 3-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авна.
Хаяг: Жамьян Гүний гудамж –5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48
Утас –313207, Факс-324857 Э-шуудан: [email protected]