![]() |
“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт”
Олон улсын семинар
Улаанбаатар
2008.3.27-28
Сонгуулийн олон улсын стандартын дагуу иргэний нийгмийн хяналт нь сонгуулийг ил тод, шударга явуулахад нэн чухал үүрэгтэй арга хэрэгсэл юм. Дэлхийн олон улс оронд иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа төрийн бус байгууллагад сонгуульд хяналт тавих эрхийг хуулиар нээн олгож, тодорхой журмын дагуу магадлан итгэмжлэх замаар сонгуулийн бүхий л явцад хяналт тавих боломжоор хангадаг. Ингэснээр сонгууль ил тод, шударга явагдах нөхцөл бүрддэг ба ялангуяа шинээр ардчилал хөгжиж байгаа болон шилжилтийн ардчилалтай орнуудад сонгуулийн мониторинг нь ард иргэдийн сонгуульд итгэх итгэл үнэмшил, оролцох урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй нь олон жишээгээр батлагджээ. 1980-д оноос хойш сонгуулийн мониторинг Ази, Европийн олон оронд төрийн бус байгууллагууд нь эрчимтэй хийж ирсэн ба энэ талаар баялаг туршлага хуримтлуулсан байдаг.
Манай орны хувьд 2004 оны Улсын Их Хурлын сонгуулиар анх удаа Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, Глоб Интернэшнл ТТБ-ууд хамтран сонгуулийн кампанит ажлын мониторинг амжилттай хийсэн. Энэхүү мониторингийн дүнд үндэслэн улс төрийн намын тухай хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан билээ. Гэвч үүнээс өөрөөр урьд өмнө болж өнгөрсөн удаа дараагийн сонгуулийн үеэр иргэний нийгмийн хяналт сонгуулийн явцад хангалтгүй байсаар ирсэн. Үүнтэй холбоотой 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийг угтан Монголын иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сонгуулийн мониторингийн чиглэлээр дээшлүүлэхэд анхаарах нь чухал асуудал болоод байна.
Иймд ННФ-аас Монголын иргэний нийгмийн байгууллагуудад зориулан Ази болон Европын ТББ-ын төлөөлөгчид, судлаачдын сонгуулийн мониторингийн туршлагаас сонсон суралцах боломжийг нээх, энэ чиглэлээр чадавхийг нь бэхжүүлэх зорилгоор 2008 оны 3 дугаар сарын 27-28 нд “Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.
Уг семинарт Ази болон Европын 15 орноос нийт 20 байгууллагын 22 судлаач, мэрэгжилтэн, мониторчид уригдан оролцож буй бөгөөд доорх сэдвүүдийн хүрээнд арга туршлагаасаа хуваалцах юм.
- Сонгуулийн мониторингийн арга зүй, туршлага
- Мониторингийн мэдээллийг нөлөөлөлд үр дүнтэй ашиглах нь
Энэхүү семинар нь ННФ-аас 2008 онд болох УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг угтан зохион байгуулж буй цуврал үйл ажиллагааны нэг болно.