“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа (2008-05-14)

A- A A+
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа (2008-05-14)

“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ”
ТББ

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ
ФОРУМ

СОНГОГЧДЫН
БОЛОВСРОЛ ТӨВ

“МИДАС” ТББ

ХҮНИЙ ЭРХ
ХӨГЖИЛ ТӨВ

ФИЛАНТРОПИ
ХӨГЖЛИЙН
ТӨЛӨӨ ТӨВ

 

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”сүлжээ байгуулагдлаа (2008-05-14)

Улаанбаатар хот
2008 оны 5 дугаар сарын 14

– Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа.  Сүлжээнд оролцогч байгууллагууд нь өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.                                                              
           
Оролцогч байгууллагууд нь аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах гол агуулга бүхий ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох юм.
 
Тус сүлжээ нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцыг доорхи таван чиглэлд хяналт тавина.

  1. Cонгуулийн кампанит ажлын санхүүжилт
  2. Cонгогчдын нэрийн жагсаалт
  3. Cонгуулийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал
  4. Саналын хуудастай холбоотой үйл явц
  5. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа

Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн үр дүнг сонгууль дууссаны дараа мэдээлнэ.

Түүнчлэн сүлжээнээс сонгуулийн үйл явцыг хянахад иргэдийг татан оролцуулах зорилгоор санал хүсэлт шүүмжлэл, мэдээ мэдээлэл хүлээн авах 1977 шууд утсыг 2008 оны 5 дугаар сар 20-ноос эхлэн ажиллуулах юм.  Утсаар хүлээн авсан санал шүүмжлэлийн тойм, мониторингийн үр дүн, сонгуулийн явцын талаархи судалгаа, тойм шинжилгээ, мэдээ, сонгогчийн боловсролд хувь нэмэр болох нийтлэл, бусад мэдээллийг www.sanal2008.mn вэбсайтаар дамжуулан олон нийтэд байнга хүргэнэ.

Тэрчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээллийг түргэн шуурхай дамжуулах зорилгоор Хэвлэлийн төв ажиллаж буй бөгөөд энэ төв Нээлттэй нийгэм форумын байранд байрлаж байна.

Сонгуулийн олон улсын стандартын дагуу иргэний нийгмийн хяналт нь сонгуулийг ил тод, шударга явуулахад нэн чухал үүрэгтэй арга хэрэгсэл юм. Дэлхийн олон улс оронд иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа төрийн бус байгууллагад сонгуульд хяналт тавих эрхийг хуулиар нээн олгож сонгуулийн бүхий л явцад хяналт тавих боломжоор хангадаг ба ингэснээр сонгууль ил тод, хяналттай, шударга явагдах нөхцөл бүрддэг.

Хэвлэлийн төвийн утас: 313207, 9118271
Хэвлэлийн төлөөлөгч: Б.Булгамаа
Сүлжээний зохицуулагч: Д.Энхцэцэг

 

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнд нэгдсэн
байгууллагуудын баримтлах ёс зүйн дүрэм

Aрдчилсан засаглалын бүрэн эрх ард түмний хүсэл эрмэлзлээр баталгаажих ёстой бөгөөд ардчилсан сонгууль нь хүний үндсэн эрх мөн болохыг тэмдэглэн,

Энэхүү эрхийн хэрэгжилтийн баталгааг хангахын тулд сонгуулийн үйл явц сонгогчдын хяналтын дор ил тод явагдах ёстой нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болохыг онцлон,

Сонгуулийн үйл явцыг ардчилсан сонгуулийн зарчмаар шударга, бүх нийтийн, тэгш явагдах нөхцлийг бүрдүүлэхэд иргэний хяналтын гүйцэтгэх үүргийг чухалчлан,

Энэхүү хяналтыг шударга, төвч, үр ашигтайгаар хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ухамсарлан,  “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнд нэгдсэн байгууллагууд санал нийлж дараах ёс зүйн дүрмийг баримталж ажиллахаа илэрхийлж байна.  

ХАРААТ БУС БАЙНА

Сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигч, төрийн байгууллагын нөлөөнөөс хараат бус,  ангид байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг хамгаалж ажиллана.

ХУУЛИЙН ХҮРЭЭНД ИЛ ТОД АЖИЛЛАНА

Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэн, хяналтын үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд ил тод явуулна. Тухайлбал хяналт тавих хугацаанд хуримтлуулсан мэдээлэл, мониторингийн аргачлал,  дүн шинжилгээ, тайлан зэрэг нь нийтэд ил тод байна. Энэ нь мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалахад хамаарахгүй болно.

БАРИМТАД ТУЛГУУРЛАЖ АЖИЛЛАНА

Сонгуулийн үйл явцыг хянахдаа холбогдох баримтыг шалгарсан аргачлалын дагуу бүрдүүлж, шаардлагатай үед нотлоход бэлэн байна. Алдаатай мэдээлэл нийтэд хүргэсэн тохиолдолд нэн даруй залруулна.

ТОО БАРИМТЫГ БОДИТОЙГООР ШИНЖЛЭН ДҮГНЭЖ ТАЙЛАГНАНА

Бүрдүүлсэн тоо баримт, мэдээллийг шинжлэн дүгнэж, олон нийтэд хүргэхдээ хараат бусаар, үнэн зөв хийх бөгөөд дүн шинжилгээ, тайлангаа алдаа мадаггүй гаргана.

 

Нээлттэй Нийгэм Форумыг төлөөлж:

______________
П. Эрдэнэжаргал
Гүйцэтгэх захирал

 

 

Хүний Эрх Хөгжил Төвийг төлөөлж:

______________
Г. Уранцоож
Тэргүүн

Сонгогчдын Боловсрол Төвийг төлөөлж:

______________
С. Оюунтуяа
Гүйцэтгэх захирал

 

Глоб Интернэшнл ТББ-ыг төлөөлж:

 

______________
Х. Наранжаргал
Тэргүүн

Филантропи Хөгжлийн Төлөө Төвийг төлөөлж:

______________
Д.Сүнжид
Гүйцэтгэх захирал    

 

Мидас ТББ-ыг төлөөлж:

 

______________
С. Энхжаргал
Гүйцэтгэх захирал