
Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр
Нээлттэй Нийгэм Форум нь бодлого боловсруулах үйл явцад судлаач, олон нийтийг мэдлэг, мэдээлэлтэй оролцоход нь дэмжлэг болох зорилгоор хэрэгжүүлдэг Бодлогын Судалгааны Тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.
2009 оны бодлогын судалгааны сэдэв
2009 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвүүдээр судалгаа хийх судлаач, судалгааны багуудыг урьж байна. Доорх сэдвүүд нь судалгааны ерөнхий чиглэлийг тодорхойлж байгаа бөгөөд судлаачид сонирхол, туршлагадаа тулгуурлан судалгааны хүрээг нарийсган бодлогын тодорхой асуудалд төвлөрүүлнэ.
1. Сонгуулийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин, институтчиллыг сайжруулах нь
УИХ болон орон нутгийн сонгуультай холбоотой гомдол, маргааны асуудлаар нэр дэвшигчид шүүх, захиргааны байгууллагуудад ханддаг ч эцэслэн шийдвэрлэгдэхгүй байх явдал газар авч байна. Энэ бодлогын судалгаа нь сонгуультай холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлэх эрх зүйн орчин, институтчилалыг сайжруулах зорилготой. Судлаач сонгуулийн зохион байгуулалт, түүний үр дүнтэй холбоотой маргаан, гомдлыг хүлээж авах, хянан шийдвэрлэх процесс, процедурууд, үүнд оролцож буй институцуудын чиг үүргийг судалж, бодлогын тодорхой зөвлөмж гаргана.
2. Төрийн жинхэнэ албан дахь хариуцлагын тогтолцоо
“Төрийн албаны тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид төрийн албаны хариуцлагын зарчим тусгалаа олсон ч хэрэгжүүлэх болон хяналт тавих механизмуудыг тодорхой заалгүй орхижээ. Мөн энэхүү зарчмыг хуулинд тодорхойлж өгөөгүйгээс ойлголт нь өөрөө бүрхэг, янз бүрээр тайлбарлан хэрэглэх боломж олгож байна. Уг бодлогын судалгаа нь төрийн жинхэнэ албанд төвлөрөн төрийн албанд хамаарах хууль, ёс зүйн код, бусад хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, төрийн албаны хариуцлагын зарчим, түүнийг хэрэгжүүлэх механизмууд, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргана.
3. Төрийн байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тогтолцоо
Иргэн хүн төрийн үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, төрийн байгууллага түүнийг нь хүлээн авч хянан шийдвэрлэх нь сайн засаглалын нэг шалгуур, төрийн үйлчилгээг ил тод, чанартай байлгахын нэг үндэс болдог. Манайд сүүлийн жилүүдэд төрийн байгууллагад ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын тоо нэмэгдэж байгаа ч хэрхэн шийдвэрлэгдсэн, ямар үр нөлөө үзүүлсэн талаар мэдээлэл хомс байна. Иймээс уг бодлогын судалгааны хүрээнд судлаач төрийн байгууллагад ирүүлсэн иргэний өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх процесс, механизмууд, тэдгээрийн үйлчлэлийг судалсны үндсэн дээр иргэдээс ирсэн мэдээллийг бодлого, шийдвэрт тусгах зорилготой, хүртээмжтэй, хялбар бөгөөд ил тод ажиллагаатай, буцах холбоо сайтай тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргана.
4. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам
Иргэдийн шимтгэлээр сан хөмрөгөө бүрдүүлдэг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх үүргээ биелүүлж байгаа ч даатгуулагчийн эрх ашгийн үүднээс үйлчилгээний чанарт хяналт тавьж чадахгүй байна. Энэхүү бодлогын судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авагчийн байр суурь, эмнэлгийн байгууллагын үзүүлсэн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих чиг үүргийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх, улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын эрх үүргийн зохистой хуваарилалтыг хуульчлах асуудлыг судлан, бусад орны туршлага, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн тодорхой бодлогын арга хэмжээг санал болгох юм.
5. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрхийг тодорхойлох, хангах нь
Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбарт хүний эрх, аюулгүй байдлыг хангасан хүн төвт хандлагыг хэвшүүлэхэд онцгой анхаарч эхэллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртэх явцад хүний олон эрх хөндөгддөг тул эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрхийг хуулиар баталгаажуулах шаардлагатай. Энэ судалгаа нь Монгол улсын эрүүл мэндийн хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актуудад эмнэлгээр үйлчлүүлж буй хүний эдлэх эрхүүдийг хэрхэн тодорхойлсон, хэрэгжих баталгааг хэрхэн хангасан байгаад дүн шинжилгээ хийж, олон улсын хүний эрхийн эрхзүй болон бусад орны туршлагад тулгуурлан тодорхой зөвлөмж боловсруулна.
6. Нийгмийн халамжийн үйлчилгээ дэх төрийн бус болон хувийн салбарын оролцоо
Төрөөс үзүүлэх зарим ажил, үйлчилгээг төрийн бус болон хувийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хөнгөвчлөх эмчилгээ, гэрийн асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүст нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг төрийн болон төрийн бус, хувийн байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүсийн дундаас гүйцэтгэгчийг сонгох нь үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, өртөг зардлыг бууруулах үр дүнтэй арга зам байж болох юм. Энэ бодлогын судалгаагаар нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнүүдийг ангилан харж, өрсөлдөөнд суурилсан гэрээ, төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой үйлчилгээг тодорхойлж, хэрэгжилтийг дэмжсэн эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж гаргана.
Бодлогын ахлах судлаачийн хөтөлбөр
ННФ нь 2009 онд бодлогын судалгааны хөтөлбөрөө өргөжүүлж, Бодлогын ахлах судлаачийн тэтгэлэг шинээр бий болгон, бодлогын судалгааны арга зүйг бүрэн эзэмшсэн, бодлогын судалгаа шинжилгээ хийж ирсэн туршлагатай судлаачдыг дор дурдсан сэдвээр судалгаа хийхийг урьж байна.
1. Уул уурхайн орлогыг захиран зарцуулах макроэдийн засгийн бодлого, институциональ тогтолцоо
Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжсэн тохиолдолд орж ирж болзошгүй их хэмжээний орлогыг оновчтой захиран зарцуулах нь бодлогын чухал асуудал болж байна. Орлогыг бодитой төлөвлөх, зарцуулалтыг макроэдийн засгийн оновчтой бодлогоор удирдах, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай институциональ бүтцийг бүрдүүлэх, мөн энэ үйл явцад уул уурхайн салбарын бүхий л шатны ил тод байдлыг хангах асуудлыг судалгааны ажлын хүрээнд авч үзэж, бодлогын баримт бичгүүдийг бэлтгэн гаргана. Судлаач дүгнэлтүүдээ тодорхой загвар ашиглан, олон улсын болон дотоодын туршлага, зах зээлийн чиг хандлагыг үнэлэн гаргах чадвартай байх шаардлагатай.
2. Уурхайг хаах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
Уурхайг хаах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй. Монголд олон уурхайг орхисон, стандартын дагуу хаагаагүйгээс олон сөрөг үр дагавар үүссэн билээ. Судалгааны хүрээнд уурхайг хаах нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин, орон нутгийн иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд зэрэгт нөлөөлөх байдал, уг үйл ажиллагаатай холбоотой стандарт, шаардлага, эрх зүйн орчин зэргийг судлаж, уурхайг хаах эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, түүнийг хэрэгжүүлэх арга замыг боловсруулах ажлыг гүйцэтгэх шаардлагатай.
3. Улс төрийн намуудын санхүүжилт
Төлөөллийн ардчиллыг улс төрийн олон ургальч үзэл, эрүүл саруул өрсөлдөөн бүхий олон намын тогтолцоогүйгээр төсөөлөх аргагүй. Улс төрийн нам оршин тогтнох зайлшгүй нөхцөл нь өдөр тутмын үйл ажиллагаа болоод сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх явдал юм. Санхүүжилтийн асуудлыг оновчтой зохицуулж чадаагүй нөхцөлд намууд мөнгөнөөс хараат болж, улмаар төр дэх авилгын гол шалтгаан болох аюултай. Уг бодлогын судалгааны хүрээнд судлаач бусад улсын туршлагад үндэслэн улс төрийн намуудын санхүүжилт, түүнийг ил тод, нээлттэй, хяналттай болгох оновчтой загвар, хувилбаруудыг боловсруулж, хэрэгжилтийг нь хангах институцийн бүтэц, хяналтын механизмыг хуульчлахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргах юм.
4. Шүүх засаглалын хараат бус, шударга байдал
Шүүх засаглалын бие даан шийдвэр гаргах эрх мэдэл баталгаажаагүй, гүйцэтгэх засаглалын болон ашиг сонирхлын нөлөөнд авталгүй шударгаар ажиллах нөхцөл хангагдаагүй тухай шүүмж сүүлийн жилүүдэд байнга гарч байна. Энэхүү байдлыг засаглал хуваах онолын үүднээс авч үзэж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлын баталгаа хэр хангагдсан болохыг судалж, бодлогын зөвлөмж гаргахад энэ судалгаа чиглэгдэнэ. Судалгааны хүрээнд мөн шүүхийн шинэтгэл, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах талаар бусад орны туршлагыг харьцуулан судалж, Монгол улсын шүүхийн практикт гарч байгаа зөрчил гажуудлыг тодорхой жишээ дээр авч үзэж ёс зүй, шударга ёс, мэтгэлцэх зарчим, шүүхийн тэгш хүртээмжийн асуудлыг эрх зүйн механизмаар хэрхэн зохицуулах талаар санал дэвшүүлэх юм.
Судлаачдад тавигдах шаардлага
Шаардлагууд нь бүх судлаач, үүний дотор нэг багийн гишүүн тус бүрт хамааралтай.
Нийтлэг шаардлага
- Судалгааны нийт хугацааны туршид ажлын цагийн 50-иас илүү хувийг судалгаанд зориулах (ажил олгогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байх)
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
- Компьютерийн хэрэглээний болон судалгааны программ ашиглах чадвартай
- Хувийн зохион байгуулалт, хариуцлага сайтай, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэг, багаар ажиллах чадвартай
- Цаашид бодлогын судалгаа, нөлөөлийн ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байх
Бодлогын судлаачид тавигдах нэмэлт шаардлага:
- Магистр ба түүнээс дээш зэрэгтэй (дипломын батагаа хуулбарыг хавсаргана)
- Судалгаа, шинжилгээний ажлын зохих туршлагатай
- Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах чадвартай
- Судлах асуудлын хүрээ, салбарын бодлогын талаар зохих мэдлэгтэй байх
Бодлогын ахлах судлаачид тавигдах нэмэлт шаардлага:
- Бодлого боловсруулах,бодлогод нөлөөлөх ажлыг туршлагатай, судалгааны аргазүй эзэмшсэн (бодлогын түвшний ажлын туршлагыг харуулах баримт/ жагсаалт, ЭСВЭЛ өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан дипломын баталгаат хуулбарыг хавсаргана)
- Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах, боловсруулалт хийх чадвартай
- Судлах асуудал, тухайн салбарын талаар өргөн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх
Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл
Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран 5-10 сар байна. Судлаач энэ хугацаанд зохиогдох бодлогын судалгааны аргазүйн сургалтуудад хамрагдахын зэрэгцээ судалгааны сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, оролцох юм. Судлаач дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжтой.
Хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ өндөр байх ба судалгааны ажилтай холбоотой гарах бусад боломжит зардлуудыг хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Мөн ННФ бодлогын судалгаа, шинжилгээнийхээ тайланг хэвлүүлэх, нөлөөллийн ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
Шалгаруулалтад бүрдүүлж ирүүлэх материал
Шалгаруулалтад дараах материал бүрдүүлж ирүүлэх ба судалгааны баг оролцож байгаа бол сүүлийн 4 зүйлийг багийн гишүүн тус бүрээр ирүүлэхийг хүсье:
- Хөтөлбөрт хамрагдах өргөдөл (PDF) ( ННФ-аас боловсруулсан маягтын дагуу)
- Хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн захидал. Уг хөтөлбөрт хамрагдах сэдэл шалтгаан, хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн, сэдвийн ач холбогдол (1 нүүр).
- Судалгааны төлөвлөгөө. Зарласан судалгааны сэдвийн хүрээнд нарийвчлан сонгосон бодлогын асуудлын томъёолол, үндэслэл, судалгааны зорилго ба зорилтууд, нарийвчилсан аргазүй, судалгааны ажлын ач холбогдол, гарах үр дүн (5-8 нүүр) (Удирдамжийг татаж авах PDF)
- Хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа тухай байгууллагын албан захидал. Судалгааны ажил нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа, байгууллагын оролцоо дэмжлэг, ажлын цагийг бүтнээр болон 80-аас илүү хувийг судалгаанд зарцуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл (1 нүүр)
- Хөтөлбөрт хамруулахыг дэмжсэн тодорхойлолт (PDF) (2 хүнээс)
- Товч анкет
- Бүтээлийн жагсаалт
- Бичлэгийн загвар (5-10 хуудас). Үүнд судлаачийн бичсэн судалгааны тайлангийн хураангуй, нийтлэл гэх мэт
Шалгаруулалтад ирүүлэх материалыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авна. Материалыг ННФ-ын байранд биеэр болон шуудангаар хүргүүлж болохоос гадна цахим шуудангийн [email protected] хаягаар ирүүлж болно. Шуудангаар илгээх тохиолдолд материал хүлээж авах сүүлийн хугацаанаас хэтрэлгүйгээр ННФ-нд хүлээлгэж өгсөн байхаар төлөвлөхийг хүсье. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авах боломжгүй бөгөөд задлалгүй буцаах болно.
Хөтөлбөрийн холбогдолтой мэдээлэл өгөх уулзалтыг 2009 оны 1 дүгээр сарын 7, 1 дүгээр 14-ний өдрийн 17:00 цагаас ННФ-ын байранд нэгдсэн байдлаар өгөх болно. Ганцаарчилсан зөвөлгөө болон утас, цахим шуудангаар нэмэлт мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй тул хүлцэл өчье.