УИХ-ын гишүүн ёс зүйн дүрмийн төсөл

A- A A+
УИХ-ын гишүүн ёс зүйн дүрмийн төсөл

Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү дүрэм нь Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/-ийг төрийн өндөр албан тушаалтных нь хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Монгол Улсын Yндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр. Гишүүний албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ
2. Гишүүн нь албаны эрх, үүргийн хүрээнд төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтална:

1/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах;
2/ Байнгын хороо, Тамгын газрын ажилтан болон өөрийн бие төлөөлөгч, туслах, төрийн бусад албан хаагчидтай харьцахдаа хүндэтгэлтэй хандах, тэднээр зөвхөн албан үүрэгт нь хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлж байх;
3/ Төрийн ордон болон Улсын Их Хурлын танхимд биеэ зөв авч явж нийтээр дагаж мөрдөх холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
4/ гишүүний төсөвт зардлыг тогтоосон журмын дагуу зориулалтаар нь зарцуулах;
5/ төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас албан ажлын хүрээнд зөвхөн хуулийн дагуу туслалцаа авч ажиллах;
6/ албаны хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг хуулийн дагуу ашиглах;
7/ төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглах; "Төрийн байгууллагын эд хөрөнгө" гэдэгт харилцуур утас, шуудан, факс, интернет, тэдгээрийг ашиглахад гарсан зардал, компьютер, хувилагч хэрэгсэл, албан тасалгааны тавилга, албаны автомашин зэрэг багтана;

Гурав. Гишүүний албан тушаал хашихтай холбогдсон ёс зүйн хэм хэмжээ

3. Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж төрийн албан үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй байх зарчмыг баримтална:

1/ Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд гишүүнийхээ хувьд зөв үйл ажиллагаагаараа төр, олон түмний холбоог бэхжүүлэх;
2/ албан үүргээ гүйцэтгэхдээ танил тал, хувь хүн, аль нэг байгууллагын эрх ашигт автагдахгүй байх,
3/ төрийн болон байгууллагын, түүнчлэн хувь хүний нууцад хамаарах мэдээллийг дамжуулах, санал болгох зэрэг аливаа байдлаар задруулахгүй байх;
4/ иргэд, сонгогчдоос ирсэн санал гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулж хүнд суртал, чирэгдэл гаргахгүй байх.

4. Гишүүн аливаа аж ахуйн нэгж, байгууллагын болон санхүүгийн нөлөөнд автахгүй байх, албаны эрх үүргээ хувийн зорилгоос ангид байлгах зорилгоор дараахь үйлдэл хийхийг хориглоно:

1/ бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр, эрхийг ашиглан /өмч хувьчлал, дуудлага худалдаа явуулахад хөндлөнгөөс оролцох/ үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
2/ албан тушаалын байдлаа ашиглан гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах, гэр бүл, төрөл садангийн хүний ашиг сонирхлыг хамгаалсан хуулийн төсөл өргөн мэдүүлэх;
3/ төрийн бодлоготой холбоотой шийдвэрийн төслийг албан бус сувгаар боловсруулах;
4/ өөрийн бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэх болон хууль ёсны шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлөх;
5/ албан тушаалынхаа эрх мэдэл, түүнд үндэслэн тогтоосон ажил төрлийн холбоо, харилцааг ашиглан өөрийн албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэх;
6/ гэр бүл, төрөл садангийн хүнийг өөрийн шууд удирдлагадаа авч ажиллуулах.

5. Санхүүгийн нөлөө /сонирхол/ гэдгийг хууль тогтоомжоор тусгайлан зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд өөрийн болон гэр бүлийн гишүүний бизнесийн зорилгод ашиглах, ашиглуулах нөхцөл бүрдүүлэхээр өөрийн албан тушаалыг ашиглахыг ойлгоно.

6. Гишүүн нь Монгол Улсын Yндсэн хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрөгдсөн дараахь ажил, албан тушаал хавсран ажиллаж болно:

1/ Ерөнхий сайдаар томилогдох;
2/ Засгийн газрын гишүүнээр томилогдох;
3/ улс төрийн намын байгууллагад сонгуульт ажил, албан тушаал эрхлэх;
4/ эрдэм шинжилгээний ажил хийх, цагаар багшлах;

7. Гишүүн нь сонгогдохоосоо өмнө эрхэлж байсан дараахь ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх бөгөөд ийм ажил, албан тушаалыг Улсын Их Хурлын гишүүн байх хугацаандаа хашихыг хориглоно:

1/ төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг гардан удирдах, тэдгээрт аливаа албан тушаал эрхлэх;
2/ аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, ашгийн төлөө бусад хуулийн этгээдийн төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлд сонгогдон ажиллах;
3/ нийгэмлэг, холбоо, зөвлөл, сан, төв, клуб зэрэг төрийн бус бусад байгууллагын өдөр тутмын гүйцэтгэх болон удирдах албан тушаалд оролцох;
4/ хуулиар хориглосон аливаа ажил, албан тушаал эрхлэх, цалин хөлс, урамшуулал авах, авахыг шаардах;
5/ их, дээд сургууль, коллежийн тэнхимийн эрхлэгч ба түүнээс дээшхи албан тушаал эрхлэх.

Дөрөв. Гишүүний орлого, томилолттой холбогдсон ёс зүйн хэм хэмжээ

8. Гишүүн нь сонгогчдынхоо итгэл найдварыг дааж ажиллах зарчмыг баримтална:

1/ гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байна;
2/ сонгогч, иргэн болон хэвлэл мэдээллийн ажилтан гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцах хүсэлтээ уг орлогын мэдүүлгийг хариуцаж байгаа байгууллага, удирдах албан тушаалтанд гаргаж болно;
3/ хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан мэдүүлгийг хүсэлт гаргасан этгээдэд танилцуулна;

9. Шинээр ажлаа эхэлж байгаа гишүүн тангараг өргөснөөс хойш нэг сарын дотор, дараагийн жил тутам I улиралд багтаан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө.

10. Гишүүн нь тухайн жилийн орлогын мэдүүлгийг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд, батлагдсан маягтын дагуу бүртгэж Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ. Орлогын мэдүүлгийг хүлээн авсан огноог түүний холбогдох бүх хавсралтыг бүрэн бүртгэж хүлээлгэн өгсөн он, сар, өдрөөр тооцно.

11. Гишүүн нь хуулийн дагуу бизнесийн орлоготой байж болох бөгөөд бизнесийн орлого, зээл, түрээслэгчийн орлого, хувьцаа зэрэг хөрөнгө орлогынхоо талаар хөрөнгө орлогын мэдүүлэгт бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлнэ.

12. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөний дагуу улс төрийн намын байгууллагад сонгуульт ажил, албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хавсран хийж болох орлогын хэмжээ нь гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байвал зохино.

13. Албан арга хэмжээнээс бусад тохиолдолд боловсролыг дээшлүүлэх, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, ном бичсэнийхээ төлөө урамшуулал авч болно. Энэхүү орлогоо хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлнэ.

14. Гишүүн нь төрийн байгууллага, гадаад, дотоодын агентлаг, төрийн бус байгууллага, соёл гэгээрэл, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хандивлагч ашгийн төлөө байгууллагын санхүүжилтээр зөвхөн хурал, семинар, албан ёсны айлчлал, соёл гэгээрлийн болон хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцож болно. Энэхүү аяллын зардлын хэмжээг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлнэ.

15. Гишүүн нь гадаадад томилолт, аяллаар явахдаа уг томилолтын зорилт, хийх ажлаа гүйцэтгэхэд шаардагдах хугацаанаас илүү үргэлжлүүлж болохгүй.

Тав. Гишүүний шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбогдсон ёс зүйн хэм хэмжээ

16. Гишүүн нь өөрийн өндөр нэр хүндийг хамгаалах, гишүүний нэр төрд харш зүйл хийхгүй байх зарчмыг баримтална:

1/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон медаль, төрийн бусад шагнал авахыг хориглоно;
2/ зохих албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн зөвлөл, иргэнээс аливаа өргөмжлөл, шагнал авахыг хориглоно;
3/ гишүүн нь албан үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө болон хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлын төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх, хууль бусаар бусад бэлэг авах, хангамж эдлэхийг хориглоно;
4/ эрх мэдлийнхээ дагуу хянан шалгаж буй албан тушаалтан, байгууллагаас хуульд заасан журмаас гадуур мөнгө болон мөнгөөр үнэлэгдэх үнэт зүйлс авахыг хориглоно.

17. Гишүүн нь аливаа бэлэг, дурсгалын зүйл авахдаа Авилгалын эсрэг хууль болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмыг баримтална.

18. Дараахь тохиолдолд гишүүнд өгсөн бэлгийн хэмжээнд хязгаар тогтоохгүй бөгөөд энэ талаар заавал мэдэгдэх үүрэг хүлээхгүй:

-гэр бүл, төрөл садангийн хүний өгсөн бэлэг;
-ном, мэдээлэл өгөх зориулалттай хэвлэмэл материал;
-гишүүний болон хүүхдийнх нь хурим буюу хүүхэд төрсөнтэй нь холбогдуулан өгсөн бэлэг;
-бүх нийтийн нээлттэй уралдаан, тэмцээнд оролцож авсан шагнал, урамшуулал, бэлгийн зүйлс;
-гэрээслэлээр эд зүйлс хүлээн авсан;

Зургаа. сонгуулийн компанит ажлын үеэр гишүүний баримтлах ёс зүйн хэм хэмжээ

19. Гишүүн нь ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг баримтална:

1/ гишүүн нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын албан ажлын байранд сонгуулийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
2/ төрийн байгууллагын нөөцийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн сонгуулийн компанит ажилд ашиглахыг хориглоно. Төрийн байгууллагын нөөц гэдэгт төрийн аливаа байгууллагын албан байр, нууц мэдээлэл, техник хэрэгсэл, санхүүгийн нөөцийг ойлгоно. Энэ заалт нь сонгуулийг зохион байгуулан явуулах төрийн байгууллагад үл хамаарна.

Долоо. Бусад

20. Улсын Их Хурлын гишүүний хувьд тогтоосон ёс зүйн хэм хэмжээний дүрмийн биелэлтэд Ёс зүйн дэд хороо хяналт тавин ажиллана.

21. Улсын Их Хурлын гишүүний хувьд тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг баримтална.