Зарим орд газрыг стратегийн нөөцөд авах шаардлагатай (2006.02.09)
Нөөц нь тогтоогдсон болон ирээдүйд нээгдэх орд газруудыг нэгэн зэрэг ашиглах боломжгүй тул Монгол Улсын аж үйлдвэржилтийн хэтийн төлөвийг харгалзан зарим ашигт малтмалын ордыг газрын хэвлийд нь үүцлэх, хожим гаргахаар нөөцлөдөг олон улсын жишгийг хадгалах нь зүйтэй гэж Монголын металлургичдын холбоо үзэж байна. Ирээдүйд үлдэцтэй байхаар, үнэ өндөртэй үед эзэмшихээр орд газруудыг стратегийн нөөцөд авдаг байх саналыг тус холбоо гаргаад байгаа аж. Гэхдээ энэ бол УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Ашигт малтмалын тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг дээр Монголын металлургичдын холбоо байр сууриа илэрхийлжээ.
Жишээлбэл, 200 сая тн буюу БНХАУ-ын хэрэгцээгээр төмрийн хүдэр экспортлоно гэж тооцоход Монгол Улсын нөөц 2-3 жилийн дотор бүрэн шавхагдаж дуусна гэж тус холбооны гүйцэтгэх захирал Ц.Мөнхжаргал мэдэгджээ. Иймд өнөөдрийн, нөөц нь тогтоогдсон ордоос 1-2-ыг нь ашиглах, хүдрийг гүн боловсруулж, цувимал бүтээгдэхүүн байдлаар экспортод гаргах нь зөв гэж тэд үзэж байгаа юм. Төмрийн хүдрийг гүн боловсруулахад коксжих нүүрс болон шохойн чулууны томоохон орд газруудыг олж нээж, хамтад нь ашиглах шаардлагатай байдаг. Гэтэл манайд нээгдсэн шохойн чулууны орд газрууд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэтийн хэрэгцээг хангахтай манатай байгаа гэнэ. Түүний ярьснаас үзвэл ашигт малтмалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа бусад улсын хуулийг харьцуулан судлах, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Ашигт малтмалын хуулиар олгосон нөөц, боломжийг судлах, улс орны эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй ажлын хэсгийг тус холбоо гурван жилийн өмнөөөс байгуулан ажиллажээ.