Монгол Улс ашигт малтмалын орд газруудаа хэрхэн ашиглах вэ? (2006.02.10)

A- A A+
Монгол Улс ашигт малтмалын орд газруудаа хэрхэн ашиглах вэ? (2006.02.10)

Монгол Улс ашигт малтмалын орд газруудаа хэрхэн ашиглах вэ? (2006.02.10)

Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү  “Монгол Улс ашигт малтмалын орд газруудаа хэрхэн ашиглах вэ?” сэдэвт илтгэлийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр тавьсныг бид мэдээлсэн. Монгол хөрөнгийн биржээс өчигдөр энэ сэдвээр уул уурхайн салбарын эрдэмтдийг  оролцуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Р.Содхүү илтгэлдээ дурдахдаа, Монгол Улсад хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааг жинхэнэ сонгодог утгаар нь хөгжүүлэхэд хувьцааг сонгодог утгаар нь гаргаж арилжаалах асуудал чухал хэмээн өгүүлжээ. Түүний үзэж байгаагаар Монголын хуулинд хувьцаа худалдан авагч буюу хувьцаа эзэмшигч нь хөрөнгө оруулагч гэдгийг хуульчилсан атал зохиомол нэр томъёо гаргаж гадаадын, дотоодын хөрөнгө оруулагч хэмээн нэрлэн дуудаж байгаа нь учир дутагдалтай аж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ нэр томъёо огт байхгүй зөвхөн хувьцаа, үнэт цаас худалдан авагчийг "хөрөнгө" оруулагч гэдэг хэмээн тэр үзэж байна.

Монголын хөрөнгийн биржийн Р.Содхүү энэ илтгэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд өөрчлөлт оруулахаар тодорхой санал дэвшүүлсэн байна. Тэрбээр үндэсний томоохон орд газруудыг ашиглахдаа хөрөнгө оруулалтын эх үүсвэр буюу хувьцаагаа олон нийтэд нээлттэй, чөлөөтэй худалдах аргаар бүрдүүлсэн, сонгодог утгаар зохион байгуулагдсан хувьцаат компанийг байгуулж, түүний ашгаас улс, ард иргэд хүртэх боломжийг нээн өгсөн аж ахуйн харилцааны хэлбэрийг сонгон авах нь зүйтэй хэмээн үзэж байна.  Өөрөөр хэлбэл үндэсний баялагтаа түшиглэн хувьцаагаа биржийн арилжаагаар худалдан борлуулж хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ бий болгон, компани, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдынхаа эдийн засгийн нэгдмэл сонирхлыг хангаж, нөгөө талаар улсынхаа эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж чадах үндэсний томоохон хувьцаат компани байгуулснаар манай улсын эдийн засагт өсөлт хөгжилт авчрах үндсэн нөхцөл бүрдэж, санхүү эдийн засгийн таатай боломжууд бий болно гэжээ. Ийм боломжуудад Р.Содхүү дараахь зүйлийг авч үзэж байгаа ажээ. Үүнд:

Нэгд. Ашиг орлого бүхий найдвартай ногдол ашиг олгож чадах хувьцаат компанийн хувьцааг төр, аж ахуйн нэгж, ард иргэд худалдан авч, хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших боломжтой болно.
Хоёрт. Төр, ард иргэд маань ашигт малтмалын орд газрын хувьцааг худалдан авснаар Үндсэн хуульд заасан ард түмний эрх мэдэл, төрийн хамгаалалт хэрэгжиж эхлэх болно.
Гуравт. Монгол Улсын хуулийн дагуу хувьцаат компани байгуулагдаж эхэлснээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид гэсэн ялгаа зааг арилж тухайн компаниудад татвар, гаалийн аливаа эрхзүйн зохицуулалт нэгэн адил тэгш үйлчилнэ гэжээ.