Сүүдрийн Засгийн газрыг яаралтай байгуулахыг сануулав (2006.02.15)

A- A A+
Сүүдрийн Засгийн газрыг яаралтай байгуулахыг сануулав (2006.02.15)

Сүүдрийн Засгийн газрыг яаралтай байгуулахыг сануулав (2006.02.15)

Иргэний зориг намаас Ардчилсан намд хандан ил захидал ирүүлжээ. Уг захидалд дурдахдаа, Их эвслийн Засгийн газрыг үндэслэлгүй огцруулсны дараа эрх баригчдын үйл ажиллагааг хянах хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлэх зорилгоор Сүүдрийн Засгийн газрыг байгуулах тухай ИЗН-ын санаачлагыг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо сайшаан дэмжсэнээс хойш сар шахам хугацаа өнгөрч, өнөөг хүртэл шийдвэртэй алхам хийлгүй цаг хугацаа алдсаар байна хэмээн мэдэгджээ. Тэрчлэн эрх барьж байгаа улстөрийн хүчний зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах замаар иргэдийг бодит мэдээллээс хөндийрүүлж, авилгач түшмэдийн булхайг нуун дарагдуулж болзошгүй байна. Мөн иргэдийн эрх ашиг, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэж буй иргэний хөдөлгөөний удирдагчид болон сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэхээр зэхэж байгаа үйл явдлуудын талаар санаа зовнисон захидал, мэдээлэл бидэнд ирсээр байна. Төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлаж хоморголон халж, нэг намын дарангуйллыг дахин сэргээхийг оролдож эхэлж байгааг иргэд бидэнд анхааруулсаар байна.

Төр, засгийн үйл ажиллагаанд хүчтэй хяналт үгүйлэгдсээр байгаа хариуцлагатай энэ цаг үед Ардчилсан нам Сүүдрийн Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг нэн яаралтай авч хэлэлцэн, ойрын хугацаанд хамтарсан Сүүдрийн Засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Улс орон, ард түмнийхээ төлөө нэгдмэл хүч, хамтын зохион байгуулалттай ажиллахыг эх орны эрх ашиг биднээс шаардаж байна гэжээ.