Л.Гүндалай: Монгол хүн морь унаж сурахын хажуугаар бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй (2006.02.15)
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг цаашид нэмэгдүүлэн дор хаяж 6,7 хувь болгох ёстой хэмээн Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай үзэж байна. Шинэ Засгийн газрын гишүүд тодорхой хуваарийн дагуу хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа бөгөөд өчигдөр Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ийн мэдэгджээ. Тэрбээр "Монгол хүн морь унаж сурахын хажуугаар бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй" хэлсэн нь сурталчилгааны самбарт хадаатай улиг болсон мэссэжүүдийг амьдралд ойртуулахыг санууллаа гэж “Өнөөдөр” сонинд бичжээ.
Манай улсад газар авсан нийт халдварт өвчний тал хувь нь бэлгийн замаар тарж, өнгөрсөн онд жирэмсэн эхчүүдийн 10 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй гарчээ. Нийт халдварт өвчний 20 орчим хувийг шар өвчин эзэлж байжээ. Эрүүл мэндийн сайд үүнийг хүн амын эрүүл мэндийн боловсролтой шууд холбон тайлбарлаж байна. Сүүлийн нэг жилийн дотор ДОХ-ын тохиолдол 2004 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэнийг мөн дурдаж, Монголд 3000 орчим хүн ДОХ-ын халдвар авсан байх магадлалтай гэсэн ДЭМБ-ын тооцоог тэрбээр онцлон тэмдэглэн хэлжээ. Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайн мэдэгдснээр бол өнгөрсөн онд зүрх судасны эмгэгүүд, хавдар, зам тээврийн осол гэмтлийн улмаас хамгийн олон хүн нас барсан байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 70 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаанаар нас бардаг ажээ.
Иргэд оношлуулах, эмчлүүлэх зорилгоор гадаад руу явж, жилд дунджаар 50-60 тэрбум төгрөг хилийн чанад руу урсдагийг Л.Гүндалай сааруулахаар төлөвлөж байгаа аж. Оношлогоо, эмчилгээний орчин үеийн төв байгуулах шаардлага зүй ёсоор тулгараад байна гэж тэрбээр хэлжээ. Мөн улсын эмнэлгүүдэд албан бус төлбөр газар авч, эмч болон үйлчлүүлэгчийн хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн далд эдийн засгийг ил болгох, шударга үйлчилгээний журам яаралтай боловсруулахаа амалсан байна.
Эмч нарыг бэлтгэх сургалтын чанар муудсан. Хүүхдээс төлбөр авах зорилгоор эмнэлгийн дээд боловсрол олгодог явдлыг зогсооно хэмээн тэрбээр мэдэгджээ. Тэрчлэн эрүүл мэндийн сан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт биш Эрүүл мэндийн яамны хяналтад байх ёстой гэж Л.Гүндалай үзэж байна.