СЕХ-ны бүрэн эрхийн хугацаа дуусчээ (2006.02.16)
2001 оны хоёрдугаар сарын 1-нд томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Өмнө нь мөрдөж байсан хуулиар бол СЕХ-ны бүрэн эрхийн хугацаа таван жил байсан бөгөөд Ж.Ядамсүрэнгийн тэргүүлж буй одоогийн Сонгуулийн ерөнхий хорооны хугацаа энэ сарын нэгнээр дууссан аж. Гэхдээ УИХ-ын чуулган завсарласан тул тэд ажил үүргээ гүйцэтгэсээр байх нь гэж “ЗМ” сонинд мэдээлжээ. УИХ-аас саяхан баталсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар уг хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна. Сонгуулийн төв байгууллагын есөн гишүүний тавыг УИХ санал болгох эрхтэй бөгөөд үлдсэн гишүүдийг Ерөнхийлөгч, Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-аас томилох юм байна. СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нар нэг намын харьяалалтай байхыг хуулиар хоригложээ.