Э.Бат-Yүл: Төрийн ажил тайзан дээрх жүжиг биш (2006.02.20)
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Өнөөдөр” сонинд ярилцлага өгчээ. Тэр ярихдаа, парламент ёс өндөр хөгжсөн улсуудад Байнгын хороод хурлаа хаалттай явуулдаг. Ардчилсан жишиг ийм. Бүгд л хэвлэлийн эрх чөлөөг хүндэлдэг улс. Yнэндээ бол тэр хуралдаан хаалттай боллоо гээд мэдээлэл хаалттай болох юм биш. Сэтгүүлчдийн хичээл зүтгэл нэмэгдэх байх. Англи, Швед, Германы парламентаас яагаад Байнгын хороод нь хаалттай хуралддагийг асууж сонирхсон. Сонгуульт албан тушаалтныг олон нийтийн дунд нэр төр олж авах сонирхол үргэлж дагадаг гэсэн үндэслэлийг тэд хэлсэн. Сэтгүүлчдийг харахаараа таалагдах гэж өмнөх ажлаа мартдаг явдал хаа сайгүй байдаг бололтой. Гэтэл төр ажил хэргийн шугамаар асуудлыг яримаар байдаг. Төрийн ажил тайзан дээрх жүжиг биш. Тиймээс би энэ саналыг Монголын парламентад нэвтрүүлье гэж бодсон юм. Харамсалтай нь, Ц.Нямдорж дарга миний саналыг хүлээж авах боломжгүй болсныг дуулгалаа. УИХ-ын тухай хуулийг зөрчинө гэсэн тайлбар өгсөн.
Би 2004 оны сонгуулиар парламентад орж ирээд МАХН-д нэг том өөрчлөлт гарсныг харлаа. МАХН-ын гишүүд ардчилсан үнэлэмжийг итгэл үнэмшлийнхээ хэмжээнд авааччихаж. Тэд Монголын ардчилалд уршиг тарьж, хор хохирол учруулах улстөрийн хүчин биш болжээ. Харин ч Ардчилсан намын зарим гишүүнийг бодвол МАХН-ын олон гишүүн ардчилсан итгэл үнэмшлийг тууштай хүлээн зөвшөөрч, ардчиллын үзэл баримтлалыг өөрийн соёл болгожээ. МАХН ардчилал гэдэг нийтлэг үнэт зүйлээр бидэнтэй адил төвшинд байна.
Засгийн газрыг огцруулсан, шинээр Засгийн газрыг томилсон гээд энэ бүх үйл явдал улстөр ямар гээч утга учиргүй байдалд орсоныг ард түмэнд илчиллээ. Энэ бол их чухал. Монголд байгаа бүх утга учиргүй явдлын оргил нь энэ болсон. Тиймээс 2008 оны сонгуульд Ардчилсан нам, МАХН ялгаагүй, хэн ч ялсан бай, үр дүн нь утга учиртай гарна.