УИХ-ын сонгууль: СЕХ-ны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байна (2006.02.24)
Үүрэгт ажлаа гүйцэтгэж буй Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн бүрэн эрх энэ сарын 1-нээс дуусч одоо шинээр томилох ажил хүлээгдэж буй билээ. УИХ завсарлахаас өмнөхөн баталсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдийг албан тушаалаар сонгодог байсан бол шинэ хуулиар УИХ, Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхээс гишүүдийн санал оруулж УИХ зургаан жилийн хугацаагаар томилох болсон юм. СЕХ-ны есөн гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг УДШ-ээс санал болгоно. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой. Тэгэхлээр СЕХ-ны гишүүнд төрийн бус байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн сонгогдох боломжгүй юм. Энэ нь нэг талаар зөв мэт боловч цаад утгааараа намын харьяалал, өндөр албан тушаалтан СЕХ-ны гишүүн болох замыг зааж өгсөн хэрэг гэж “Өдрийн сонин”-д бичжээ. Өөр нэг заалт нь СЕХ-ны гишүүн нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, шүүгч, прокурор, ИТХ-ын төлөөлөгч болон эдгээрт нэр дэвшигч байж болохгүйг хуульчилсан болохоор эдгээрийн дараагаар орох томоохон албан тушаалтнууд гишүүн байж болох нь гэж тус сонин дүгнэжээ.
Хэдийгээр хуульд СЕХ-ны гишүүн нь намын харъяаллаас татгалзаж аливаа намын төлөө үйл ажиллагаа явуулахгүй гэж байгаа ч хоёр гол намаас адил төлөөлөл орно хэмээн ажиглагчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны дарга нь МАХН-аас бол нарийн бичгийн дарга нь Ардчилсан намаас байх аж. Мөн СЕХ-ны гишүүн нь хуульч мэргэжилтэй байх бөгөөд энэ ь сонгуультай холбоотой аливаа маргааныг шийдэхэд тустай байх учиртай ч зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчаас томилохоор заасан нь намууд энэ чухал албан тушаалд өөрсдийнхөө хүнийг тавих гэсэн санаа хэмээн тус сонин тайлбарлаж байна.
СЕХ нь дэргэдээ хараат бус хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байна гэж хуульд заасан бий. Гэхдээ уг зөвлөлд хэвлэлийнхнээс гадна төрийн бус байгууллага болон сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөлөл байх юм байна. Энэ зөвлөлийн ажиллах журмыг СЕХ-ноос тогтоох аж.