Хэвлэн нийтлэл
-------------------------------------------------------------------------------------------------------
Хөгжлийн бодлогын сэдвээр болж буй аливаа хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцоход жирийн иргэд, иргэний нийгмийн байгууллага төдийгүй бодлого боловсруулагчдад ч тухайн асуудлаар гарсан судалгаа дүгнэлт, бусад баримт материалтай танилцах нь чухал байдаг. Нөгөө талаас, бодлогын альтернатив хувилбар боловсруулахад улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр гарсан тооцоо судалгаа, анализ, бодлогын зөвлөмжүүд нь шинэ санаа өгөх, бусад орны харьцуулсан туршлага зэргийг олж мэдэхэд тус нэмэр болдгийг цөөнгүй хэрэглэгчид дурддаг.
Нээлттэй Нийгэм Форумаас хэвлэн гаргадаг бодлогын судалгаа, үнэлгээ, мониторингийн тайлан зэрэг нь тухайн асуудлаар бодлого хэлэлцэх явцад нэмэлт мэдээлэл авах эх сурвалж болдог бол иргэдийн гарын авлага, орчуулгын бүтээлүүд нь хөгжлийн тодорхой асуудлаар нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэг, мэтгэлцээнд иргэд оролцож санал бодлоо илэрхийлэхэд нь хувь нэмэр болохуйц ном, хэвлэл байдаг. ННФ 2004-2010 онд нийтдээ 140 гаруй сэдвийн 57,500 ширхэг ном, судалгаа, гарын авлага хэвлэн гаргажээ. Тэдгээрээс заримыг дурдвал:
- Ерөнхий сайдууд ярьж байна /5 цуврал/
- Уул уурхайн салбарын бодлогын зарим асуудал
- Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм /цуврал/
- Орон нутгийн төсвийн зарлагын шинжилгээ
- Монголд Эрдсийн сан байгуулах шаардлага, арга зам
- Төрийн ил тод байдал: Шударга сонгууль
- Монгол Улсад Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь
- Төрийн үйлчилгээний мониторингийн дүн /цуврал/
- Нээлттэй сонсгол: Бодлого боловсруулах явцад оролцох иргэдийн гарын авлага
- Өргөдөл гомдлоо хэрхэн гаргах вэ? /иргэдийн гарын авлага/
- Стратегийн өмгөөлөл /гарын авлага/
Түүнчлэн тайлангийн хугацаанд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлыг есөн тусдаа сэдвээр бэлтгэн хэвлэж багцлан тараасан нь нэлээд шинэлэг, хэрэглэгчдэд хүрсэн бүтээгдэхүүн байлаа. “Санхүүгийн хөтөч” иргэдэд зориулсан гарын авлага нь эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа үед иргэд орлогоо хэрхэн үр ашигтай зарцуулах, өрхийн санхүүгээ зөв зүйтэй хөтлөх, санхүүгийн зах зээлд оролцож ашиг орлогоо нэмэгдүүлэх арга зам, зөвлөгөөг амьдралын жишээ дээр тайлбарлан толилуулсан эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болж чадав.