Орчуулгын төсөл

A- A A+
Орчуулгын төсөл


Орчуулгын төсөл
-------------------------------------------------------------------------------------------------------

Монголын нийгэмд өрнөж буй хөгжлийн чухал асуудлуудыг таньж мэдэх, өөр өнцгөөс харах, тэдгээрийн учир шалтгааныг ойлгох онолын үндэслэлийг судлах, бусад орны туулж өнгөрүүлсэн туршлага зэрэгтэй танилцахад эх хэл дээр хэвлүүлсэн бүтээлүүд эрэлттэй болох нь бий. Нэрд гарсан эдийн засагч, судлаач-туурвигчдын баримт нотолгоо, онолын судалгаанд үндэслэн бичигдсэн бүтээлийг дэс дараатай байнга орчуулан хэвлэж олны хүртээл болгох нь Нээлттэй Нийгэм Форумын нийгмийн хариуцлагын нэг хэсэг юм.   

Нээлтэй Нийгэм Форум 2004 оноос эхлэн орчуулгын төсөл хэрэгжүүлж энэ хүрээнд 20-иод ном орчуулан хэвлэж олны хүртээл болгоод байна. Төслийн эхний шатанд “МонСудар” Хэвлэлийн газартай хамтран 10 ном гаргасан ба одоо эдгээр номуудын ихэнх нь үлдэгдэлгүй болж 2-3 номыг хэвлэлийн газар нь дахин хэвлүүлж хямдралтай үнээр нийтэд борлуулж байна.

Сүүлийн жилүүдэд орчуулгын төслийн хүрээнд “Боловсролын бодлогын импорт”, “Эдийн засаг энгийнээр”, “Ардчиллын хэв загварууд”, “Сүйрэл”, “Адагт үлдсэн тэрбум”, “Сонгуулийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт” зэрэг номыг хэвлэн гаргаад байна. Эдгээрээс “Эдийн засаг энгийнээр” ном хоёр дахь удаагаа хэвлэгдлээ. Уг номын тухай Нобелийн шагналт Вернон Л. Смит “... энэхүү ном нь … хүмүүс төрөлжсөн бизнес үйл ажиллагаа явуулах эрх чөлөөтэй байж, ...хэн нэгнээр удирдуулахгүйгээр баялаг хэрхэн бүтээдэг тухай анхны мэдэгдэхүүн олгож байна” гэж сайшаасан байдаг.

Орчуулгын төслийн хүрээнд гарч буй номуудыг 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж орлогыг ННФ-ын орчуулгын санд төвлөрүүлж дараа дараагийн ном хэвлэхэд зарцуулж байна. Сүүлийн үед хэвлэгдсэн “Ардчиллын хэв загвар”, “Сүйрэл”, “Адагт үлдсэн тэрбум” зэрэг нь нэлээд гүйлгээтэй буюу 40-80 хувь нь борлогджээ. Төслийн хүрээнд хэвлэгдсэн номуудаас 2008 онд “Боловсролын бодлогын импорт”, 2009 онд “Сүйрэл” номууд БСШУЯ-наас зарласан “Шилдэг ном” уралдаанд шалгарч яам эдгээр номыг нийтийн номын сангуудад хүргэж байв.   

2010 онд “Сонгуулийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт” ном орчуулагдан гарч уг номыг их дээд сургуулиудын номын сан, мэргэжлийн ангийн оюутнууд, судлаачдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломж олголоо. Мөн Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг мэргэжлийн байгууллагуудад хандивлав. 

ННФ-аас гаргаж байгаа энэхүү орчуулгын номууд нь иргэдийн иргэний боловсролд тус нэмэр болоод зогсохгүй төрийн бодлого боловсруулахад анхаарч үзэх нэмэлт мэдээлэл болон ашиглагддаг.