Лиценз олгох, сунгахыг түр зогсоох талаар шийдвэр боловсруулна (2006.03.09)
Засгийн газрын хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үзэл баримтлал, Засгийн газрын төвшинд уялдуулан зохицуулсан бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд М.Энхсайханд, ашигт малтмалын хайгуулын ашиглалтын лицензийг шинээр олгох, шилжүүлэх, сунгах, барьцаалахыг түр зогсоох тухай асуудлаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэхийг Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханд даалгасан байна. Тэрчлэн улсын төсвөөр геологи хайгуулын ажил хийсэн стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийн оролцоог хангах, цаашид зөв зохистой байдлаар ашиглах талаар лиценз эзэмшигч нартай хэлэлцээр хийх удирдамж боловсруулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Су.Батболд, Оюу толгойн орд газрыг ашиглах талаар тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийн ажлыг зохион байгуулж хийлгэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгажээ.