Иргэдэд зориулсан эрх зүйн гарын авлагууд олны хүртээл боллоо
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс Нээлттэй Нийгэм Форум Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран иргэдийн “Иргэдийн эрх зүйн хөтөч” ном болон эрх зүйн сургалт, сурталчилгааг эрхэлдэг ажилтнуудад зориулсан “Эрх зүйн хөтөч-арга зүй” гарын авлагыг хэвлэн олон хүртээл болгож байна. Иргэдийн ахуй амьдралд хамгийн түгээмэл хэрэглэгддэг, нэн тэргүүнд мэдвэл зохих салбар эрх зүйн асуудлуудыг эдгээр номд багтаасан бөгөөд манай улсын эрхзүйн салбарын 20 гаруй багш, шинжээчид уг номуудыг боловсрууллаа.
“Иргэдийн эрх зүйн хөтөч” номонд иргэд ажил хөдөлмөр эрхлэх, худалдаа наймаа хийх, гэр бүл болох, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэтгэвэр тэтгэмж авах, захиргааны байгууллагуудтай харилцах, маргаантай асуудлаа зохицуулах, хууль зүйн туслалцаа авах, төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргах, эрхээ хэрхэн хамгаалуулах зэрэг өдөр тутмын амьдралдаа байнга оролцож байдаг харилцаануудын эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг багтаасан. Иргэдэд зориулсан тул энгийн, хялбаршуулсан, амьдралд ойрхон жишээ, дасгалыг оруулснаараа энэ төрлийн бусад номоос онцлогтой.
“Эрх зүйн хөтөч-арга зүй” ном нь иргэдэд эрх зүйн зориулсан албан бус сургалтыг заах интерактив аргууд, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө, сурталчилгааг зохион байгуулах талаар нарийвчлан тусгажээ. “Эрх зүйн хөтөч-арга зүй” ном нь гол гол салбар эрх зүйн асуудлыг цогцоор нь тусгасан эрх зүйн албан бус сургалтад зориулсан анхны томоохон хэмжээний сурах бичиг боллоо. Түүнчлэн номыг ашиглан иргэдэд эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах, иргэдэд эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх арга зүйн цуврал сургалтыг Засаг даргын Тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтнуудад зохион байгууллаа. Энэ номыг эрх зүйн албан бус сургалт зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнууд, хууль, эрх зүйн чиглэлээр хичээл заадаг багш нар ч гарын авлага болгон ашиглах боломжтой юм.
Номнуудыг номын сангууд болон аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан иргэдэд түгээхийн зэрэгцээ номын дэлгүүрүүдээр борлуулах болно.
Номны нээлт 2007 оны 7 дугаар сарын 6-ны 16.00 цагт ННФ-ын байранд болно.
Нээлтэд номын зохиогчид болон аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгааны бүх ажилтнууд оролцоно.