Айвенхоу Монголд шинэ асуудалтай тулгарав (2006.03.14)

A- A A+
Айвенхоу Монголд шинэ асуудалтай тулгарав (2006.03.14)

Айвенхоу Монголд шинэ асуудалтай тулгарав (2006.03.14)

Yйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Канадад болсон Олон улсын уурхайчдын болоод хөрөнгө оруулагчдын уулзалт, семинарт оролцоод ирсэн тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрбээр энэ үеэр Канадын Монголд үйл ажиллагаа явуулдаг «Бороо гоулд» болон «Айвенхоу майнз» компанийн Төлөөлөн удирдах зөвөлийн таван гишүүнтэй уулзаж, хамтарч ажиллах чиглэлээр нэлээд хэдэн асуудлыг нааштай шийдсэн гэж мэдэгдсэн аж.

“Өнөөдөр” сонинд /¹059/ мэдээлснээр  Сайд Б.Жаргалсайхан хэлэхдээ,  «Бороо гоулд» компани манай улсын Татварын хуулийн цоорхойг ашиглан ашигтай ажиллаж байгаа гэжээ. Түүний хэлснээс үзвэл тус компани хоёр жилийн дотор Бороогийн уурхайгаас 16 тн алт олборлосон бөгөөд дөрвөн жилийн дотор манай улсад ямар ч татвар төлөхгүйгээр 32 тн алт олборлохоор байгаа аж.

Иймд Үйлдвэр, худалдааны сайд  Б.Жаргалсайхан тус компанийн удирдлагатай уулзахдаа, Монголд эрүүл мэндийн оношлогооны төв, мөн эмийн үйлдвэр байгуулах саналтай байгаагаа мэдэгджээ. Тэрбээр монголчуудын эрүүл мэндэд зарцуулагдан гадагшаа урсаад буй мөнгөний урсгалыг Монгол руугаа чиглүүлэхийн тулд нөлөө бүхий оношлогооны төв байгуулах явдал чухал хэмээн үзэж ийм санал гаргасныг “Бороо гоулд” кампани дэмжиж байгаагаа илэрхийлсэн аж.

Харин «Айвенхоу майнз» компанитай хийх тогтвортой байдлын гэрээг хэдийд үзэглэх тухай асуултад тэрбээр хариулахдаа, энэ гэрээг хийх болоогүй. Хөгжлийн алтан гурвалжин төсөлд тулгуурлан тогтвортой байдлын гэрээг хийнэ хэмээн мэдэгджээ.  Оюу толгойн ордыг хэрхэн эзэмших тухайд хоёр талд аль алинд нь ашигтай байх талаар асуудлыг шийдэх үндсэн нөхцөл бүрдээгүй байна хэмээн Б.Жаргалсайхан ярьжээ.  

Түүний ярианаас үзвэл Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дээрх хоёр компанитай нэлээд тохиролцоонд хүрсэн бололтой. Гэхдээ яг бичиг баримт боловсорсон цагт тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй хэмээн тэрбээр үзэж байгаа тул илүү тодорхой зүйл яриагүй байна.  Чингэхдээ Б.Жаргалсайхан сайд  бизнесийн асуудлыг улстөржүүлэх нь зохимжгүй хэмээн хэлжээ.

Айвенхоу Майнзтай холбоотой асуудал Монголд ийн босч байх зуур Бээжин хотноо Торонто Глоуб энд Мэйл сонинд Жеоффри Йоркийн “Айвенхоу Монголд шинэ асуудалтай тулгарав: Сайд Засгийн газрын оролцоог 51% хүргэх бодолтой байна” нэртэй нийтлэлийг тавьжээ Уг өгүүлэлд:
“Монголын Засгийн газрын гишүүн нэгэн сайд “стратегийн ач холбогдолтой” уул уурхайн төслүүдэд тавих Засгийн газрын хяналтыг сайжруулахад уриалсан нь Монголд үйл ажиллагаа явуулж буй олон компанийн тоо улам ихэсч байгаад ноцтой нөлөө үзүүлж болох нүүдэл болов. Монголын Үйлдвэр Худалдааны сайд Базарсадын Жаргалсайхан Ванкуверийн Айвенхоу Майнсын олборлолт хийхээр төлөвлөөд байгаа зэс, алтны аварга уурхайг оролцуулаад Монголын уул уурхайн гол төслүүдэд Монголын Засгийн газрын оролцоог 51 хувьд хүргэх бодолтой байна. Гэтэл Айвенхоу Оюу Толгойд Монголын Засгийн газрын байгууллагын бага хэмжээний хөрөнгө оруулалтыг зөвшөөрч болох боловч уурхайг улсын мэдэлд авах буюу хөрөнгийг улсаас хураахыг эсэргүүцэж байгаа аж. Монголын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт уул уурхайн лиценз олгохыг уул уурхайн салбарын үйл ажиллагааг  шалгах хугацаанд түр зогсоох болсноо зарласан. Өнгөрсөн хугацаанд лиценз олгох үйл ажиллагаанд маш олон тооны “стратегийн алдаа” гаргасан, өнөөдрийн байдлаар Монголын өргөн уудам газар нутгийн бараг тэн хагаст  уул уурхайн хайгуул, олборлолтын лиценз олгосон гэж Засгийн газар үзжээ.

Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарын үсрэнгүй үйлдвэрлэлд Канадын уул уурхайн хайгуул, олборлолтын хэдэн арван компаниуд оролцох болж, энэ салбарт дор хаяж 250 сая долларын хөрөнгө оруулснаар хуучин социалист энэ оронд хөрөнгө оруулалтаараа зөвхөн Хятадын дараа орох болжээ. 2008 онд үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөөд байгаа Айвенхоугийн төслийн энэ уурхайг дэлхийд хамгийн томд тооцогдох алт, зэсний уурхай гэдэг боловч Айвенхоу Монголын Засгийн газартай татвар болон уурхайтай холбоотой бусад нөхцлийг баталгаажуулж өгөх тогтвортой байдлын гэрээг хэлэлцэж тохиролцоход хараахан амжилт олоогүй байна. Олон жил ярьж буй боловч уг сунжирсан гэрээг одоо хүртэл үзэглээгүй байгаа аж. Энэ хооронд удахгүй батлагдах эрдэс баялагийн шинэ хууль яригдах болж, энэ салбарт тодорхой бус байдлыг улам даамжруулаад байна. Айвенхоугийн Ерөнхийлөгч Роберт Фрийдланд Монгол цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “анхаарал татсан газар” хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд Айвенхоу ч Монголын албаныхантай “ихээхэн анхаарал татахуйц” тогтвортой байдлын гэрээ хэлэлцэх болно гэж мэдэгджээ. Өнгөрсөн 2-р сард Флоридад болсон хөрөнгө оруулалтын бага хурал дээр ноён Фрийдланд “Тэдний гар дээр бас нэг Кувейт бэлхнээ байгааг тэд олж харахын дээр дүрэм, журам нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байх болно. Мэдээж хэрэг тэдэнд хөрөнгө оруулагчдыг татах асуудал, хөгжиж буй орны үндсэрхэг үзэл, санаа хоёрыг тэнцвэржүүлэх хэрэг гарна. Үүн дээр бид тэдэнтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд хууль, дүрмээ тодорхойлохдоо зүй зохистой шийдвэр гаргана гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн оны 11-р сард Монгол Улс уул уурхайн шинэ хууль мөрдөж, Засгийн газар “стратегийн ач холбогдолтой” уул уурхайн төсөлд оролцоогоо 30 хувьд хүргэхээр санал тавьж байсан боловч хожим нь Монгол улсын Ерөнхийлөгч уг саналаас зай барих болсноор Айвенхоу 30 хувийн санал унасан, гэхдээ Засгийн газар зарим уурхайд 15 хувийн оролцоотой байх саналтай байгаа гэж байв. Харин түүнээс хойш хуучин Засгийн газар парламенттайгаа хийсэн тэмцэлд унаж, Монголыг 70 жилийн турш хянаж ирсэн хуучин социалист нам давамгайлсан шинэ Засгийн газар засгийн эрхийг авсан. Ноён Б. Жаргалсайхан нь шинэ Засгийн газарт нэгдсэн нэгэн жижиг намын гишүүн хүн юм.
 
Монголын Нээлттэй Нийгэм Форум нэртэй нэгэн бие даасан байгууллагын Айвенхоугийн төсөлд хийсэн судалгааны саяхан нийтлүүлсэн нийтлэлд хэрэв зэс, алтны үнэ цаашид өнөөгийн төвшиндээ байх аваас уурхай Айвенхоуд “гайхалтай” их ашиг өгнө гэсэн дүгнэлт хийжээ. Уг дүгнэлтэд Айвенхоугийн төсөл дор хаяж дөрвөн тэрбум америк долларын үнэтэй, алт, зэсний үнэ өндөр байвал түүнээс ч хол илүү үнэ хүрнэ” гэжээ.