Айвенхоу Майнз ХХК мэдэгдэл хийлээ (2006.03.15)

A- A A+
Айвенхоу Майнз ХХК мэдэгдэл хийлээ (2006.03.15)

Айвенхоу Майнз ХХК мэдэгдэл хийлээ (2006.03.15)

Торонтогийн "Глоуб энд Мэйл" сонинд нийтэлсэн Жеоффри Йоркийн “Айвенхоу Майнз Монголд шинэ асуудалтай тулгарав” нэртэй өгүүлэлтэй холбогдуулан  Айвенхоу Майнз ХХК энэ оны гуравдугаар сарын 13-нд хэвлэлийн мэдэгдэл гаргажээ. Уг өгүүлэлд юу бичсэн талаар бид өчигдөр “News headlines’-ийн мэдээндээ дурдсан бөгөөд одоо тус компанийн мэдэгдлийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Хэвлэлийн мэдэгдэл : Эх сурвалж: Айвенхоу Майнс ХХК
Улаанбаатар, Монгол Улс (2006-03-13)  – Өнөөдөр Торонтогийн "Глоуб энд Мэйл" сонинд “Айвенхоу Майнз Монголд шинэ асуудалтай тулгарав” нэртэй гарсан өгүүлэл нь уг сонин болон нийтлэлийг бичсэн сурвалжлагчийн зүгээс Айвенхоу Майнзийн Монгол дахь бизнесийн ашиг сонирхол, сүүлийн 18 сарын үйл ажиллагааны талаар зориуд буруу, ташаа мэдээлэл өгөх санааг мөрдлөг болгосон нийтлэл болжээ.

 

Уг өгүүлэл бараг бүхэлдээ саявтархан томилогдсон Монгол Улсын Үйлдвэр, Худалдааны Яамны сайд Б. Жаргалсайханы Монголын эрдсийн гол гол уурхайд байж болох  Засгийн газрын оролцооны талаар гурван долоо хоногийн өмнө хэлсэн хувийн санал, бодол дээр тулгуурласан байна. "Глоуб энд Мэйл" Засгийн газрын дээд албаны төлөөлөгчдийн зүгээс Засгийн газрын байр, суурийг нотлон шийдвэр гаргах ардчилсан үйл явцын талаар мэдээлэл өгч, удаа дараа хийж байсан чухал мэдэгдлүүдийг мэдэж байсан атлаа зориуд үл хэрэгссэн байна. Нийтлэлийг бичсэн сурвалжлагч Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Ерөнхий сайд М. Энхболд болон Парламентын бусад гишүүн Монголын хурдацтай хөгжиж буй эрдэс баялагийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хэвээр хадгалахын ач холбогдлын талаарх сүүлийн үеийн албан ёсны мэдэгдлүүдийг мэдэж байсан атлаа энэ талаар ямарваа мэдээлэл өгсөнгүй. Сурвалжлагч мөн Айвенхоу Майнз сүүлийн хэдэн долоо хоногийн турш сайд Жаргалсайхантай хэд хэдэн үр дүнтэй элэгсэг уулзалт хийснийг мэдэж байсан боловч мэдээлсэнгүй. Өгүүлэл сайд Жаргалсайханыг Айвенхоугийн Оюу Толгой төсөлд Монголын төрийн ашиг сонирхлыг төлөөлөн хэлэлцэх Засгийн газраас томилогдсон хорооны гишүүн мэтээр төөрөгдүүлсэн байна. Засгийн газраас томилогдсон хороонд Ерөнхий сайд М. Энхболд Оюу Толгойн алт, зэсний нөөцийг ашиглах Айвенхоугийн төлөвлөсөн төсөлд холбогдох тогтвортой байдлын гэрээг байгуулж дуусгах үүрэг өгснийг сурвалжлагч мэдэж байсан боловч мөн л мэдээлсэнгүй.
Баримтыг илүү үндэслэл сайтай, иж бүрэн гаргаж тавьсан нийтлэл өнөөдөр хэвлэгдсэн явцуу, харанга дэлдсэн өнгө, аястай уг нийтлэлийг бодвол Монголд болж буй үйл явдлыг огт өөр байдлаар тайлбарлах байв. Учир нь Айвенхоу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт сурвалжлагчид үйл явдлын өрнөлийг зөв ойлгож, шударга бөгөөд тэнцвэртэй мэдээлэл өгөхийн ач холбогдлын талаар зөвлөж, түүний тавьсан асуултад хариулах явцад тодорхой баримт, эх сурвалжийг танилцуулсан билээ. Харамсалтай нь "Глоуб энд Мэйл" сонин үйл явдлын үндэслэлийг сайтар шалгаж, илэрхий байгаа чухал баримтуудыг мэдээлж, Монгол дахь Айвенхоугийн ашиг сонирхлын талаар уншигчид, хөрөнгө оруулагчдад илүү үнэн зөв, бодитой мэдээлэл өгөхийн оронд сүр дуулиан тарих зорилготой ташаа мэдээллийг давтан нийтэлсэн байна.

"Глоуб энд Мэйл" мэдсээр байж мэдээлэлгүй орхисон жишээ:

  1. Монголын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл уул уурхайн салбарын ирээдүйн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах тухай Ерөнхийлөгч Н. Энхбаярын үндэсний телевизээр хэлсэн үг. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ гадаадын хөрөнгө оруулалтад аливаа хохирол учруулах зүйл байх учиргүй гэдгийг онцолсон.
  2. Гадаадын хөрөнгө оруулалтад илүү таатай нөхцөл олгох, хамгаалах явдал шинэ Засгийн газрын тэргүүн зорилтын нэг болох тухай Ерөнхий сайд М. Энхболдын нэгдүгээр сарын 26-ны мэдэгдэл. “Бид энэ асуудалд дээд зэргийн ач холбогдол өгч, улс орныхоо хөгжлийн зорилтуудыг мөрдлөг болгох болно” гэж тэрээр хэлсэн.
  3. Өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газрын хуралдаан болж, Монголын уул уурхайн салбарын тулгамдсан асуудлыг даруй шийдвэрлэх нь тэргүүн зэргийн ач холбогдол өгсөн шийдвэр гаргасан.
  4. Ерөнхий сайд М. Энхболд Засгийн газрын шадар сайд М. Энхсайханд эрдэс баялагийн салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлон зохицуулах бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг хариуцуулсан. Ноён Энхсайхан Оюу Толгойн тогтвортой байдлын гэрээг хойшлуулалгүйгээр байгуулах шаардлагатай байгааг хэлээд баримт бичгийг 3-р сарын 25-наар бэлэн болгохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
  5. Сангийн сайд И. Баяртсайхан Оюу Толгойн тогтвортой байдлын гэрээг хэлэлцэн байгуулахаар Засгийн газраас томилсон тусгай хорооны гишүүн бөгөөд Сангийн сайдын хувьд уг гэрээнд Засгийн газраа төлөөлөн гарын үсэг зурна.
  6. Сайд Б. Жаргалсайхан төсөл дэх Засгийн газрын оролцооны талаар өөрийн хувийн бодлоо хэлэхдээ улсын хөрөнгөөөр хайгуул хийгдсэн томоохон орд газарт холбогдох талаар онцлон тодорхой хэлсэн. Гэтэл Оюу Толгойн нөөцийг дан ганц Айвенхоугийн хувийн хөрөнгөөр илрүүлсэн.
  7. Б. Жаргалсайхан Оюу Толгойн орд дахь холбоотой Айвенхоугийн хувийг хүчээр авах нь Монгол Улсын нэр хүндийг хохироож, гадаадын хөрөнгө оруулалтыг боогдуулах тул тийм зүйл хийж болохгүй гэдгийг шулуухан хэлсэн. Сайд Засгийн газар Айвенхоутай бизнесийн тохиролцоонд хүрч, нөөц ашиглалтад оролцох хувиа худалдаж авах нь зүйтэй гэсэн бодолтой байгаагаа мэдэгдсэн.
  8. Айвенхоу одоогийн байдлаар Монголын Засгийн газрын төлөөлөгчидтэй явуулж буй хэлцлийн явцад сэтгэл хангалуун байгаа бөгөөд хэлцэл Айвенхоуд боломжийн тохиролцоонд хүрч болох найдвар төрүүлсэн. Айвенхоу Оюу Толгойн хөгжлийн төслийг дангаараа хэрэгжүүлэх бодолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан боловч 2003 оны 9-р сараас Оюу Толгойд “хөрөнгө оруулалт нь төслийн урт хугацааны амжилтад дорвитой хувь нэмэр оруулахуйц” бага хэмжээний хөрөнгө оруулалтыг Засгийн газрын байгууллагаас оруулахыг зөвшөөрөх болсон.

Эцэст нь, Айвенхоу Майнзын дарга Роберт Фрийдланд түүний компани Монголын их үнээр олж авсан гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжигч гэсэн нэр хүнд, Монголын ард түмэн, түүний Засгийн газар, тэрчлэн, Айвенхоугийн хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй гэж үздэгийг мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр “Айвенхоу "Глоуб энд Мэйл" сонины сурвалжлагчийн өнгөрсөн долоо хоногт манайд тавьсан асуулт түүнд өгсөн хариулт болон дурдсан бусад баримтыг нийтлэх ер бусын шийдвэр гаргалаа. Ингэх нь тус сонин үнэн байдлын талаар аль хэр мэдлэгтэй байсан болохыг дэлхий даяар сонирхогч талуудад харуулж, сонин үнэнийг мэдээлэхийн оронд тун явцуу, харанга дэлдсэн өнгө аястай нийтлэл тавьж, нийтлэлдээ сэтгүүлзүйн ёсзүйд  харш нэр гарчиг өгсөн болохыг харуулна. Айвенхоу, "Глоуб энд Мэйл"-ийн харилцааны дэлгэрэнгүй баримт, материалыг компанийн www.ivanhoemines.com вэб хуудсын “Үнэн ба худал” хэсэгт өнөөдөр нийтлэх болно” гэв. 

Айвенхоугийн хувьцаа Нью Йорк, Торонто болон Насдакийн хөрөнгийн бирж дээр  IVN гэсэн нэрээр бүртгэгдсэн байдаг.
     
"Айвенхоугийн Хойд Америк дахь мэдээллийн эх сурвалж”

Хөрөнгө оруулагч: Bill Trenaman (604) 688-5755

Хэвлэл, мэдээлэл: Bob Williamson (604) 688-5755