Шадар сайд М.Энхсайхан: Өгөгдсөн лицензүүдэд хяналт тавьж, тайланг гаргуулахад 20 жил хэрэгтэй (2006.03.29)
Шадар сайд М.Энхсайхан Засгийн газар Айвeнхоу Майнзтай тогтвортой байдлын гэрээ байгуулах тухай болон тэр нь Монголд хэр ашигтай байх талаарх “Өнөөдөр” сонины /¹069/ асуултад хариулахдаа, “Гэрээ байгуулахгүй гэж гэдийгээд суучихаар Монголд юу өөрчлөгдөх юм. Монгол Улс ард түмнийхээ амьдралыг богинохон хугацаанд өөд татъя л гэж байгаа бол уул уурхайн томоохон төслүүдийг зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрдэнэт шиг 2-3 төсөл хэргжүүлэхэд монголчуудын амьдрал эрс өсөх болно. Бид Тогтвортой байдлын гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулж хэлэлцээ хийнэ. Ингэхдээ гэрээнд монголчуудын санаа зовоогоод байгаа асуудлаа тусгуулна гэж бодож байна. Тухайлбал, Татварын болон Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлтөд гэрээ нийцсэн байх, монголчууд ажиллах хүчний дийлэнх байх, монгол ажилчдын цалингийн доод хэмжээг хамгаалах, эрчим хүчний хангалтын хувьд манай эрх ашигт нийцсэн байх, монголчуудад хувьцааг авах бололцоог нээх зэрэг нөхцөлтэйгээр хэлэлцээ хийх ёстой гэж үзэж байна” гэжээ. Ашигт малтмалын одоо мөрдөж буй хуулийг үзэл баримтлалынх нь хувьд өөрчлөхгүй гэж М.Энхсайхан үзэж байна. Гэхдээ арван жил өнгөрсөн тул засч залруулах юм байна хэмээн тэр өгүүлжээ.
Тэрбээр “Том төслүүд Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэдэг байр суурьтай” байгаа хэмээн мэдэгдээд харин 51 байх уу, 60, 70, 80 хувь байх уу гэдэг нь хэлэлцээ хийх урлагаас л хамаарна. 1997 оны хууль гарснаас хойш Монголын эрдэс баялгийг эрж хайх ажилд зарцуулж байгаа зардал асар нэмэгдсэн. Геологи хайгуулын ажилдаа хамгийн их мөнгө зарсан дэлхийн эхний 10 оронд Монгол Улс орж байна. Ингэхдээ энэ ажлаа хүний мөнгө, хүний эрсдэлээр хийлгэсэн гэж тэр хэлжээ.
Өнөөдрийн байдлаар 6000 орчим хайгуулын болон олборлолтын лиценз өгсөн байна. Лицензийн тоо хэрээс хэтрэхээр хойноос нь хяналтаа тавьж чадахгүй, тэр нь стратегийн алдаанд хүргэж байна гэж тэр хэлээд өнгөрсөн хугацаанд өгсөн лицензийн хойноос хяналт тавьж тайланг нь гаргахад 20 жил хэрэгтэй болсон байна гэжээ. Иймээс Засгийн газар шинээр лиценз олгох ажлыг зогсоох бодолтой байгаа юм. Дээр нь Yндэсний геологийн албаа байгуулж бэхжүүлэх зэрэг ажил хийх хэрэгтэй гэж Шадар сайд М.Энхсайхан мэдэгджээ.