Айвенхоу Майнз “Харилцан ашигтай байх нэмэлт гэрээ” санал болгож байна (2006.03.29)
Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршдог Оюутолгойн зэс-алтны ордыг ашиглах тухай Тогтвортой байдлын гэрээг эцэслэн байгуулах зорилгоор "Айвөнхоу Майнз" компанийн зүгээс хөрөнгө оруулалттай холбоотойгоор гаргасан санаачлагыг Монгол Улсын Засгийн газар дэмжлээ гэж "Айвөнхоу Майнз" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл мэдэгдснийг “АЭ” сонин /¹061/ бүрэн эхээр нь нийтэлжээ. Түүнд дурдахдаа:
Айвенхоугийн санал, санаачлагыг ТУЗ-ийн Тэргүүн Роберт Фридланд, Ерөнхийлөгч Жон Макен нарын тэргүүлсэн төлөөлөгчид энэ долоо хоногийн эхээр Монголын төр засгийн удирдлагууд, албаны хүмүүстэй уулзахдаа танилцуулжаа. Эдгээр цуврал уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд зэрэг Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд "Айвенхоу Майнз" компанитай Тогтвортой байдлын гэрээг богино хугацаанд байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтын орчинг таатай байлгахыг зорьж байгаагаа нотоллоо.
Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх албан ёсны мэдээлэлд Сангийн сайд, Үйлдвэр, худалдааны сайд нарт дараах үүргийг хариуцуулсаныг мэдээллээ:
♦ "Тогтвортой байдлын гэрээ байгуулах тухай яриа хэлэлцээг хийх ажлын хэсэг байгуулж ажиллуулах. Ингэхдээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульд орох нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх."
♦Гэрээ байгуулах газруудад ажиллах Монголын ажилчид, тэдний цалингийн доод хэмжээ, мэргэжлийн сургалт, эрчим хүчний хангамж, бүтээгдэхүүн гүнзгийрүүлж боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг асуудлаар харилцан ашигтай гэрээ байгуулах."
♦ "Айвенхоу Майнз" компанийн хувьцааг монголчууд эзэмших боломж олгохын тулд энгийн хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэн худалдах асуудлыг шийдвэрлэх."
Монгол Улсын төр засгийн тэргүүнүүд Тогтвортой байдлын гэрээг богино хугацаанд байгуулах асуудлыг дэмжихээ ийнхүү нотолсон нь АНУ-ын 61 дэх Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер тус улсад энэ долоо хоногт айлчилсантай давхацлаа. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үйл явц анх эхэлсэн 1991 онд Монгол Улсын эдийн засгийг дэмжих үүднээс хандивлагчдын зүгээс урт хугацааны санхүүгийн зээл, тусламжийн хөтөлбөрийг санаачилж эхлүүлэхэд ноён Жеймс Бейкерийн оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголчууд түүнийг дотны андаа гэж үзэх болсон билээ.
Тухайн үөдээ Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкерийн удирдлага дор хандивлагчдын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхандаа АНУ голлох байр суурьтай байсан уг хөтөлбөрт өөр олон орон, түүнчлэн ОУВС, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллагууд нэгдэн орсон юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд 1,5 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийг Монгол Улсад шууд олгосон байна.
Ноён Бейкер Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдын урилгаар Чингис Хааны үүсгэн байгуулсан Их Монгол улсын 800 жилийн ойн хүрээнд айлчилсан бөгөөд хүмүүнлэгийн болон бизнесийн асуудлаар Азийн бусад оронд зочилж байгаа ажээ. Ноён Бейкерийн хуулийн компани болох "Бейкер Боттс" нь "Айвенхоу Майнз" компанийн хуулийн зөвлөх компани юм.
Хоёр их гүрний дунд орших хөгжиж буй жижиг оронд гадаадын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үр ашгаас гадна стратегийн болон улстөрийн чухал ач холбогдолтой гэж Засгийн газрын гишүүд, албаны хүмүүстэй хийсэн уулзалт дээр ноён Бейкер хэллээ. Дэлхий ертөнц Монголын хөгжил дэвшлийг анхааралтай ажиглан харж байна, бий болсон эрхзүйн тогтолцоонд хөрөнгө оруулагчид итгэлтэй байх шаардлагатай байдаг гэдгийг тэрээр сануулсны сацуу Монгол Улсад нэгэнт байгуулсан гэрээ, батлагдсан хууль журмыг чанд сахиж биелүүлдэг гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь Монголын эрх ашигт нийцнэ хэмээн ноён Бейкер мэдэгдлээ. Ноён Бейкер Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж тус орны хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцсаныхаа дараа Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ "Бид уулзалтандаа сэтгэл хангалуун байна. Монголын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтад таатай оррн байхын чухлыг ойлгож байна гэж би үзэж байна" гэжээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуравдугаар сарын 22-нд ноён Бейкерийг Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж мэдэгдэв. Мөн тэрбээр "Айвенхоу Майнз" компанитай Тогтвортой байдлын гэрээг байгуулахын төлөө хэлэлцээний ширээнд суух нь зүйтэйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт нь ямар ач холбогдолтойг анхаарч үзэх шаардлагатай байгааг онцлов.
Ерөнхий сайд М.Энхболд ноён Жеймс Бейкерт "гуравдагч хөршийн" болон эдийн засаг, батлан хамгаалахын салбар дахь түншийн үүднээс АНУ-аас Монгол Улсад үзүүлж байгаа тусламж дэмжлэгийг бататгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаад нь талархал илэрхийлэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн Газар, "Айвенхоу Майнз" компанийн хоорондох Тогтвортой байдлын гэрээ одоог хүртэл байгуулагдахгүй байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлийнхний санааг зовоож байгааг ноён Бейкер онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ асуудлаар илэн далангүй ярилцлаа. Шинэ Засгийн газар байгуулагдаад хоёр сар орчим болж буй ч энэ асуудалд анхнаасаа анхаарал хандуулж "Айвенхоу Майнз"-тай хэлэлцээний ширээнд суухыг Сангийн болон Үйлдвэр, худалдааны сайд нарт даалгасан албан даалгавар гаргасан " гэжээ. Түүнчлэн, Тогтвортой байдлын гэрээний нөхцлийн хэлэлцээг ойрын хугацаанд хийхээр бэлтгэл хангаад байгааг тэрээр тэмдэглэсэн байна.
Харилцан ашигтай байх нэмэлт гэрээ
Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөөд байгаа хөрөнгө оруулалтын талаарх шинэ санаачилга нь Монгол Улсын хуулийн дагуу боловсруулсан Тогтвортой байдлын гэрээний зэрэгцээ тусад нь байгуулах "Айвенхоу Майнз" болон Засгийн Газрын гэрээний нэгэн хэсэг байх саналыг Айвенхоу гаргаад байгаа билээ.
Канадаас Монголд сууж байсан Элчин сайд асан Ховард Баллок болон "Айвөнхоу Майнз" компанийн удирдлагын гишүүдийн Засгийн газрын албаны хүмүүстэй энэ долоо хоногт хийсэн уулзалтууд дээр тус компани Оюутолгой ордын хайгуул, үйлдвэрлэлд бэлтгэх урьдчилсан шатны ажилд 300 гаруй сая ам.доллар зарцуулаад байгааг тэмдэглэв. Уг ордод уурхай байгуулах ажлыг эхлэхэд хангалттай хэмжээний боломжит болон баталгаат нөөц илрээд байна. Ордын нөөцийн хөндлөнгийн тооцоог Австралийн Перт дэх GRD Minproc компани олон улсын өндөр стандарт, Канад, АНУ-ын хөрөнгийн биржүүдийн нарийн чанд шаардлагад нийцүүлэн хийсэн байна. "Айв-нхоу Майнз Лтд" компани өөрийн салбар болох "Айв-нхоу Майнз Монголиа Инк" компаниар дамжуулан тус ордын ашиглалтын лиц-нзийг эзэмшдэг бөгөөд уурхай байгуулах ажлын эхний шатыг хэрэгжүүлэхээр 1,2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байна.
Төслийн Тогтвортой байдлын гэрээнээс гадна Монголын ард түмэнд өгөх үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тус компани Засгийн газартай өөр нэг нэмэлт гэрээ байгуулах саналыг тавиад байна. Энэ гэрээний талаар "Айвенхоу Майнз"-ын төлөөлөгчид "Монголчуудын хувьд энэ бол ердөө сайхан мэдээ" гэж ярьж байна. Уг нэмэлт гэрээнд Монгол ажилчдыг авч ажиллуулах, тэдгээрийн цалингийн доод хэмжээ, өндөр мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг хамрах юм. Төсөл хэрэгжсэнээр барилгын ажлын явцад 10 000 гаруй, уулын ашиглалтын явцад 3000 гаруй ажлын байр шинээр бий болох юм. Түүнчлэн уг гэрээнд богино хугацааны эрчим хүчний хангамж, говийн бүс нутгийг урт хугацаанд эрчим хүчээр хангах эх үүсвэрийг байгуулах зэрэг асуудлыг хамрахаас гадна Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар Засгийн газартай хамтран ажиллах асуудлыг тусгах ажээ. Хэрэв уг зэс хайлуулах үйлдвэр байгуулагдвал Эрдэнэт үйлдвэрийн баяжмал, Цагаан суварга зэрэг говийн бүсэд шинээр бий болох зэсийн уурхайнуудын бүтээгдэхүүнийг авч эцсийн боловсруулалт хийх боломжтой болох юм.
"Энэхүү шинэлэг санааг хэрэгжүүлснээр Монголын Засгийн газар, түүний ард түмэн, "Айвенхоу Майнз" компанийн хувьцаа эзэмшигчид, түүнчлэн Оюутолгой төслийн үр ашгийг хүртэх хүн бүхэнд ашигтай бас нэг гэрээ байгуулах боломж гарч байна" гэж "Айвенхоу Майнз"-ын Ерөнхийлөгч Жон Макен хэлжээ.