Авилгатай тэмцэх бодит алхам хийхийг зөвлөв (2006.03.30)
“Ардын эрх” сонины гуравдугаар сарын 29-ний дугаарт мэдээлснээр сүүлийн гурван жилд авилгатай тэмцэж буй үзүүлэлт буурсан нь Мянганы сорилын сан /МСС/ мөнгө олгохгүй байж мэдэхэд хүргэж сэтгэл зовоож байна гэж АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Памела Слуц Шадар сайд М.Энхсайхантай уулзахдаа мэдэгдсэн ажээ. Монголын төр, засгийн зүгээс авилгатай тэмцэх эр зориг бий гэдгээ харуулах алхам хийх хэрэгтэй гэж Элчин сайд хэлсэн байна. Хатагтай Слуцын хэлж буйгаар МСС үзүүлэлтээ Дэлхийн банкны судалгаан дээр үндэслэсэн байна. “Дэлхийн банк нь хараат бус хөндлөнгийн байгууллага тул итгэж судалгааг нь авдаг” гэж Элчин сайд хэлжээ.
Харин Шадар сайд М.Энхсайхан авилга, хээл хахуультай тэмцэж буй үзүүлэлт буурсантай санал нийлэхгүй байна. “Авилгатай тэмцэх иргэдийн хүсэл зориг илт нэмэгдэж, олон улсын гэрээ конвенцийг батлах, хуулиа сайжруулах алхам хийсээр атал үзүүлэлт буурсан нь анхаарал татаж байна” гэлээ. Магадгүй судалгаа хийсэн байгууллагын эндүүрэл байх гэж тэрбээр мэдэгдэв гэж тус сонинд бичжээ. “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд энэ мэт зүйлсийг хоёр тал ойлголцон шийдвэрлэх хэрэгтэй. Нэг нь тэмц гэж шахаад нөгөө нь хөдлөхгүй байгаа юм шиг харагдах нь улстөр болох гээд байна гэж Шадар сайд хэлжээ.