Айвенхоу Майнзтай холбоотойгоор Засгийн газрыг огцруулах шаардлага тавилаа (2006.04.04)
Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлэх тухай бичгийг УИХ-ын даргад явуулсан аж. Уг бичигт " Ард түмний өмч болох Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон орд газруудыг харийнханд Бороо Гоулдын нэгэн адил зүгээр шахам арилжаалахаар зэхэж байна. М.Энхболд Ерөнхий сайд болмогцоо газрын хэвлийн баялгийг ард түмний эрх ашигт хохиролтойгоор харийнханд өгөхөөр яаравчлан шийдвэр гаргаж байгааг УИХ яаралтай хэлэлцэж, Ерөнхий сайдаас нь эгүүлэн татахыг МАХН-ын Удирдах зөвлөл биелүүлэхгүй бол тэмцлээ зогсоохгүйгээр үл барам шатлан өргөжүүлэхээ хатуу мэдэгдэж байна"
гэжээ. Тэрчлэн "Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д "Монгол Улсын газар түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасан. Үүнийг Эв нэгдлийн Засгийн газар зөрчиж байна. Энэ газар нутгийг Монголын үе үеийн эх орончид зуу, зуун жил амь насаараа хамгаалан тэмцэж, бидний үед хүргэсэн. Бид ч гэсэн хойч үедээ дамжуулан өгөх хүндтэй үүрэг хүлээж буйг санах хэрэгтэй. "Айвенхоу майнз" компанитай тогтвортой байдлын гэрээг арай ч хийхгүй байлгүй гэж явмааргүй байна. Бид энэ гэрээнээс өрсөх хэрэгтэй. Фрийдланд Засгийн газрыг атгах уу, эсвэл бид үү” гэж шаардах бичигтээ бичсэн байна.
Тэрчлэн тус хөдөлгөөн Засгийн газар огцрох үндэслэлийг тавьж, Ерөнхий сайд М.Энхболдод мөн албан бичиг хүргүүлжээ. Өнөөдөр сонинд мэдээлснээр бол "Ерөнхий сайд М.Энхболд Канад улсын "Айвенхоу Майнз" компанитай тогтвортой байдлын гэрээ яаралтай байгуулах үүрэг даалгаврыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан нарт өгч байна. Эл шийдвэр нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ" хэмээн тайлбарласан аж. Ерөнхий сайд та газрын хэвлийн баялгийг ард түмний эрх ашигт хохиролтойгоор харийнханд өгч, улс эх орныхоо эрх ашгаас урваж, хувийн эрх ашгийг өндөрт тавьж Тогтвортой байдлын гэрээг байгуулах гэж байгаа нь таныг Засгийн газрыг тэргүүлэх чадваргүйг харууллаа гэж тус хөдөлгөөн үзэж байгаа ажээ. Иймд улс эх орныхоо эрх ашгийг дээдэлж өөрийн санаачилгаар Засгийн газраа огцруул. Тогтвортой байдлын гэрээний асуудлаар манай хөдөлгөөний төлөөлөгчдийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзахыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид тэмцлээ шатлан өргөжүүлэхээ хатуу мэдэгдье гэжээ.
"Эрс шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн С. Ганбаатар хэвлэлийн хуралдаа Вашингтон хотноо төвтэй байгаль орчныг хамгаалах DSR буюу “Газар дэлхийн эрх" төрийн бус байгууллагын шинжээч Мартин Клайныг урьж оролцуулжээ. Ноён Клайн тус байгууллагын шугамаар гурав дахь жилдээ Бирмд төслийн зохицуулагчаар ажиллаж буй бөгөөд энэ ажлынхаа шугмаар "Айвенхоу Майнз" компанийн талаар мэдээлэл цуглуулсан аж. “Айвенхоу Майнз” компани Бирмд зэсийн орд газар эзэмшдэг бөгөөд үүнээс болж Бирмийн иргэд багагүй хохирол амсаад байна гэж тэрбээр мэдэгдээд зарим мэдээлэл, фото баримтыг сэтгүүлчдэд үзүүлжээ. М.Клайн ярихдаа, "Айвенхоу Майнз"-ынхан уурхайнхаа газрыг өргөтгөх замаар иргэдийн газар нутгийг булаадаг. Тэдний байрлаж буй газрыг цагдаа, цэргийнхэн хамгаалдаг. Тэдний шүтэж биширдэг голыг тус компани бохирдуулсан. Уурхайдаа олон иргэдийг боолчилж ажиллуулан, эсэргүүцсэн, дургүйг нь хүргэсэн хүнийг шоронд хорьж эсвэл амийг нь хөнөөдөг. Уурхай тэр хавийн газар нутгийг үржил шимгүй болгохоос гадна ямар ч хөрсгүй болгодог. Энэ байдлаас болж нутгийн иргэд өвчилж, арьсны өвчтэй болсон гээд олон зүйлийг дурдаж болно” хэмээн хэлжээ. "Айвенхоу Майнз"-ынхан эдийн засгийн ашиг сонирхлоор ийм хууль бус зүйл хийж, иргэдийг хохироодог. Бирмийн Засгийн газарт тус компанийнхан нөлөөтэй учраас тэдний эсрэг зогссон хэн ч Засгийн газрынхаа эсрэг байна гэж үздэг хэмээн Мартин Клайн мэдэгдсэн байна. Тэрбээр “Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь” сэдэвт сургалт семинарт оролцохоор Монголд иржээ.