Төсвийн тодотгол нийгмийн хамгааллын асуудлуудыг санхүүжүүлэхэд чиглэжээ (2006.04.05)

A- A A+
Төсвийн  тодотгол нийгмийн хамгааллын асуудлуудыг санхүүжүүлэхэд чиглэжээ (2006.04.05)

Төсвийн  тодотгол нийгмийн хамгааллын асуудлуудыг санхүүжүүлэхэд чиглэжээ (2006.04.05)

“Айвенхоу майнз” компанитай байгуулах Тогтвортой байдлын гэрээний тухайд Засгийн газар нэг их яарахгүй байна хэмээн  Сангийн сайд Н.Баяртсайхан  өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ. Түүний хэлснээс  үзвэл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай болон Татварын багц хуулийн төсөл батлагдсаны дараа тогтвортой байдлын гэрээний  талаарх Засгийн газрын бодлого тодорхой болох аж. Юутай ч үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавина. Өнөөдөр мөрдөж буй хуулийн нөхцлөөр гэрээ байгуулбал Монгол улсад ашигтай биш гэж Сангийн сайд хэлсэн байна. Тогтвортой байдлын гэрээ байгуулах асуудлаар Засгийн газрын гишүүдийн дунд зөрчил үүссэн гэсэн тухай асуудлыг тэрбээр эрс үгүйсгээд бидний дунд ямар ч маргаан байхгүй хэмээн мэдэгджээ. 
Тэрчлэн сайд Н.Баяртсайхан Монголд үйл ажиллагаа явуулах гэж буй компаниуд хувьцааныхаа  тодорхой хэсгийг Монголд борлуулдаг байх, Монголын иргэд ийм бололцоогоор хангагдах ёстой гэж үзэж байна. 

Сангийн сайд Н.Баяртсайхан энэ уулзалтын үеэр яамныхаа үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулсан байна. Сангийн яам 2005 оны төсвийн гүйцэтгэлийг гуравдугаар сард багтаан гаргаж Үндэсний аудитын газар хүргүүлжээ. Засгийн газрын санхүүгийн нэгдсэн балансыг мөн анх удаа гаргасан байна. Төсвийн тодотголыг парламентад өргөн барьсан бөгөөд түүний онцлог нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан нийгмийн хамгааллын шинжтэй асуудлуудыг санхүүжүүлэхэд чиглэж байна. Түүний хэлснээс үзвэл 0-18 насны  хүүхэд бүрт 3000 төгрөг олгоход 37 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Төсвийн байгууллагын ажилчдын цалинг 30 хувь нэмэх, шинээр төрсөн хүүхдэд 100 мянга, залуу гэр бүлд 500 мянга, таваас дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 50-100 мянга, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, гавьяатуудад  50-100 мянган төгрөг тус тус олгоход зарцуулах  мөнгийг  төсвийн тодотголд суулгасан аж.

Гурван жил тасраад байсан хандивлагчдын уулзалтыг сэргээн өнгөрөгч хоёрдугаар сард техникийн уулзалт хийсэн. Хандивлагчдын зүгээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлж танилцуулахыг хүсч байгаа аж. Энэ дагуу үндэсний хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд эдийн засгийг тогтвортой хурдацтай хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар иргэдийн нийгмийн асуудлыг шийдэн, амьжиргааг сайжруулах явдлыг Засгийн газрын тэргүүлэх зорилтоо болгон тодорхойлжээ. Эдийн засгийн өсөлтийг хамгийн багаар бодоход долоон хувьд хүргэхийг Засгийн газар зорьж байгаа аж. Дэлхийн банкнаас хөдөөгийн хөгжлийг дэмжихэд зориулж 26-46 сая ам. Долларын тусламж  амлаад байгаа аж.  Японы Засгийн газраас олгохоор бролсон 29 сая ам. долларын хөнгөлттэй зээлийг аль болох богино хугацаанд үр дүнтэй ашиглана гэж сайд үзэж байна.