Лизенцийн наймаа 1998 онд ч хийгдэж байсан (2006.04.11)

A- A A+
Лизенцийн наймаа 1998 онд ч хийгдэж байсан (2006.04.11)

Лизенцийн наймаа 1998 онд ч хийгдэж байсан (2006.04.11)

Ашигт малтмалын салбарт шударга бус үйлдэл хэрээс хэтэрсэн. Лиценз гэж тэр чигээрээ наймаа. 1998 онд баталсан Ашигт малтмалын хуулиар өргөдлөө түрүүлж өгсөн хүнд лицензийг олгодог нь АМХЭГ-ыг авлига, булхай, луйврын уурхай болгож хувиргасан гэж Сангийн сайд асан Н.Алтанхуяг “Өнөөдөр”-т /¹082/ ярихдаа хэлжээ. Түүнийхээр энэ булхай 1998 онд ч хийгдэж байсан аж. Тэрээр үед Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын алба хашиж байхад нэг өдөр “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Таван толгой”, “Багануур”, “Монголболгаргео”, “Монголчехметалл”, “Шарын гол”, “Хайлааст”, “Цав” гээд найман том үйлдвэрийн лиценз зэрэг хүчингүй болж, түүнийг нь авах гэсэн өргөдөл хамт орсон. Улсын том үйлдвэрүүдийн лицензийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдгээр автоматаар эзэмших эрхийг цуцалвал яах вэ гээд энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж байжээ.  Лицензийн төлбөрөө төлөөгүй ч нэг сарын дотор төлөх боломж  олгох шинэ хуулийн ачаар улсын том компаниуд улсдаа үлдсэн гэжээ.

Улсын төсвөөр хайгуул хийсэн маш олон талбайн лицензийг өргөдлөө түрүүлж өгсөн гэдэг шалгуураар олгосон байдлыг арилгах хуулийн төслийг Ц.Элбэгдоржийн Засгийн газар өргөн барьсан байгаа бөгөөд  лицензийг түрүүлж өгсөнд биш, тухайн талбайд дуудлага худалдаа явуулж, орлого нь улсын төсөвт орж байдаг болгохоос гадна хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна байгалийн нөөц ашигласны төлбөрийг алт, зэс, нүүрс, барилгын материалаар нь ялгаж өөр өөр болгох ёстой гэж тэрбээр ярьжээ. 

 “Бороо гоулд” найман тн алт олборлолоо гэхэд 120 тэрбум төгрөгний ажил хийлээ гэсэн үг. “Бороо гоулд”-ыг анх орж ирэхэд импортын татвар манайд тав бил үү долоон хувьтай байсан. Гэтэл гэрээндээ тэглэснээр авсан байдаг. Бид эхлээд үүнийгээ засах хэрэгтэй гэж Н.Алтанхуяг ярьсан байна. Энэ бүгдийгээ засч залруулаагүй байж тогтвортой байдлын гэрээг хурдхан байгуул гэж Засгийн газрынхан шиг хэлээд сууж таарахгүй. Хуулиудаа батлаад Оюутолгойг ашигласнаар Монголын төсөвт мундаг мөнгө орохоор болгоод авах ёстой. Дээр нь бид Татварын хуулийн төсөлд дотоодын хөрөнгө оруулагчийг гадаадынхаас ялгахгүй байхаар маш чухал заалт оруулсан. Гэтэл УИХ эдийн засагтаа хэрэгтэй зүйлийг түрүүлж хийхийн оронд нэр хүндээ өсгөхийн тулд түр зуурын аргацаасан арга хэмжээг авч байгааг ойлгохгүй байна гэж тэрбээр ярьжээ.