Ардчилсан нам иргэдийн санаа бодлыг сонсов (2006.04.13)

A- A A+
Ардчилсан нам иргэдийн санаа бодлыг сонсов (2006.04.13)

Ардчилсан нам иргэдийн санаа бодлыг сонсов (2006.04.13)

Ардчилсан намын Бодлогын зөвлөл Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдийн санаа бодлыг сонсчээ. Хэлэлцүүлэгт байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг орон нутгийн иргэдийн хөдөлгөөнүүд оролцож хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа тус намын удирдлагад танилцуулсан байна. Хөдөлгөөнүүд ашигт малтмалын лиценз олгохдоо оролцооны гэрээ байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл ашигт малтмал олборлолтын улмаас үүсэх бүх л сөрөг нөлөөг тооцож, хэрхэн арилгах талаар тохиролцсоны үндсэн дээр нутгийн иргэдийн  саналыг харгалзан лиценз олгодог хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.  Гэрээний биелэлтэд нутгийн иргэд болон байгаль хамгаалах чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагууд хяналт тавих нь зүйтэй гэж орон нутгийн хөдөлгөөнүүд үзэж байгаа аж.  Лиценз олгохдоо аймгийн Засаг даргын саналыг авах нь оновчгүй хэмээн тэд мэдэгдээд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн болон сумын Иргэдийн нийтийн хурлаас байгальд сөрөг нөлөөтэй гэж үзээд уурхай ажиллуулахгүй гэж шийдсэн атал Засаг дарга нь зөвшөөрөл олгосон нь эцэстээ хурцадмал байдал үүсгэснийг жишээ татжээ. Төслийн саналд орон нутгийн иргэдийн 11 хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд саналаа нэгтгэсэн байна.

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахаар одоо ажиллаж байгаа багт 1997 оны хуулийн баг тэр чигээрээ ажиллаж байгаа нь олигтой өөрчлөлт хийхгүй хэмээн болгоомжлоход хүргэж байна хэмээн доктор С.Авирмэд мэдэгджээ. Тэрбээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрийгөө болон доктор Ж Бямбааг оруулахыг санал болгожээ. Баянгол дүүргийн өндөр настан Д.Чимэддорж түүний саналыг дэмжиж  эрдэмтдийнхээ үгийг сонсохыг хүссэн байна.

Ардчилсан намын Бодлогын зөвлөл тодорхой асуудлаар аль болох олон хүний санаа бодлыг сонсч, УИХ-д суугаа гишүүдээрээ дамжуулан төрийн бодлогод тусгуулна гэж мэдэгдсэн байна.