Тогтвортой байдлын гэрээг дөрвөн удаа хийжээ (2006.04.17)

A- A A+
Тогтвортой байдлын гэрээг дөрвөн удаа хийжээ  (2006.04.17)

Тогтвортой байдлын гэрээг дөрвөн удаа хийжээ  (2006.04.17)

“Айвенхоу Майнз” компанитай Монголын Засгийн газрын хийх Тогтвортой байдлын гэрээний хүрээнд олон үйл явдал өрнөж буй бөгөөд  Ерөнхий сайд М.Энхболд гэрээ хийх үүрэг даалгаврыг холбогдох сайд нартаа өгсний дараа түүнийг  огцруулахаар улстөрийн хөдөлгөөнүүд суулт зарлан жагсаал цуглаан хийж байна. Энэ асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулахаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдаас тодруулга авсан байна.

Энэ үеэр Ерөнхий сайд М.Энхболдын хийсэн мэдээллээс үзвэл  манай улс түүхэндээ тогтвортой байдлын гэрээг дөрвөн компанитай байгуулж байжээ. Эдгээрийн гурвыг нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед, нэгийг нь Н.Энхбаярын Засгийн газрын үед байгуулсан аж. Тухайлбал, 1998 онд Хятадын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компанитай Төмөртэйн ордыг ашиглах талаар, мөн онд Английн “Бороо гоулд”-тай Бороогийн алтны ордын талаар тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Энэ үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Б.Батбаяр (Баабар) Сангийн сайд байсан юм. Дараа нь Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед буюу 2003 онд Канадын компанитай Бумбатын алтны ордын тогтвортой байдлын гэрээнд Сангийн сайд Ч.Улаан гарын үсэг зуржээ. Сүүлийнх нь мөн л Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Сангийн сайд Н.Алтанхуяг 2005 онд Хятадын “Шен Хуа Мак” компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зуржээ.

Харин  “Айвенхоу майнз” компани Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулах саналыг 2003 орны наймдугаар сараас эхлэн тавьсан бөгөөд хоёр талын ажлын хэсэг арван удаа уулзалт хийж, гэрээний нөхцөлийн талаар ярилцжээ. Үүний зургааг нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед, дөрвийг нь Н.Энхбаярын Засгийн газрын үед хэлэлцжээ. Мөн гэрээний нөхцөлийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар өнгөрсөн онд хэлэлцэж байжээ.

“Айвенхоу Майнз” компанид холбогдох бас нэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тарсан нь тус компанийн энгийн хувьцааг  Монголын хөрөнгийн биржээр худалдаалах тухай байлаа.  Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн захирал Р.Содхүү баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ,  “Айвенхоу майнз” ХК-ийн ерөнхийлөгч Роберт Фрийдланд тус компанийн энгийн хувьцааг Монголын ард түмэнд худалдах саналаа гурван долоо хоногийн өмнө тус биржид  ирүүлсэн хэмээн мэдэгджээ. “Зууны  мэдээ” сонинд мэдээлснээр /¹92, 93/  Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр зарж байгаа “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр зарахдаа нэрлэсэн үнийг нь бууруулах боломжтой  аж. Тус компанийн хувьцааг Монголд арилжаалахдаа “MICC” олон улсын хөрөнгийн корпорац хамтран ажиллахаар болж, Хрөнгийн биржийн захирал Р.Содхүү, тус корпорацийн захирал Д.Ачит-Эрдэнэ нар гэрээнд гарын үсэг зуржээ.  “MICC” олон улсын хөрөнгийн корпорац  нь үнэт цаас гаргах мэргэжлийн компаниудад зөвлөгөө өгч, ерөнхий зохион байгуулагчаар ажиллах юм байна.