УИХ дээр ашигт малтмалын хуулийн дөрвөн төсөл байна (2006.04.24)

A- A A+
УИХ дээр ашигт малтмалын хуулийн дөрвөн төсөл байна (2006.04.24)

УИХ дээр ашигт малтмалын хуулийн дөрвөн төсөл байна (2006.04.24)

Одоогийн байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн дөрвөн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа ажээ. Эдгээрээс  УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан нарын 19 гишүүний боловсруулсан  хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн барьсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болоод байна хэмээн “Өнөөдөр” сонинд  /¹094/ мэдээлжээ. Тэрчлэн УИХ-ын зургаан гишүүний боловсруулсан төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа аж.  Хамгийн сүүлд Ц.Дамиран, А.Мурат, М.Сономпил нарын гишүүд  Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн Ц.Дамиран энэ олон хуулийн төслөөс өөрсдийн нь боловсруулсан хуулийн төсөл юугаараа онцлогтой талаар тус сонинд ярихдаа,
лиценз олгох явдлыг цэгцлэхэд түлхүү анхаарсан хэмээн мэдэгджээ. Энэ төслөөр лицензийг Ашигт малтмалын биржээр дамжуулан олгож байх хувилбарыг санал болгожээ.

Тэрчлэн ашиглалтын лицензийн хугацаа дэндүү урт байгааг өөрчлөх ёстой гэж үзжээ. Одоогийн хуулиар 60 жилээр олгоод 40 жилээр сунгадаг бол Ц.Дамиран нарын боловсруулсан шинэчилсэн найруулгын төсөлд эхний ээлжинд 20 жилээр өгөөд 10, 10 жилээр сунгах буюу нийтдээ 40 жилийн хугацаатай олгодог байхаар тусгаад байгаа аж. 1000 га газрын жилийн төлбөр нэг зуун ам. доллар. Өөрөөр хэлбэл төлбөр маш бага учраас хайгуулын лицензийг шилжүүлэх нэрээр наймаа хийдэг болсныг цэгцлэхийн тулд лицензийг дуудлага худалдаагаар олгохоор мөн тусгасан байна.

Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан гэж Ц.Дамиран ярьжээ. Одоогийн байдлаар алтны шороон ордоос 7.5, бусад ашигт малтмалаас 2.5 хувиар төлбөр авч байгаа юм. Америк, Орос, Хятад, Канад, Индонези, Перу, Бразил, Чили зэрэг орны нөөцийн төлбөрийн харьцуулсан судалгааг харахад манайд ногдуулдаг төлбөр харьцангуй хямд байгаа аж.

Мөн төсөлд Тогтвортой байдлын гэрээг хуульчилж өгөхөөр тусгасан байна. Гэхдээ ямар нэгэн татварын хөнгөлөлтгүйгээр байх бөгөөд ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан үйл ажиллагаа нь тогтвортой байх хууль эрхзүйн орчныг Засгийн газар хариуцах ёстой гэж Ц.Дамиран үзэж байна.  Мөн лицензийг буцааж авахгүй гэсэн баталгааг хуулиар бий болгож, татварын орчин тогтвортой байхыг чухалчилсан байгаа гэж тэрбээр ярьсан байна. Лиценз эзэмшигчид тухайн үеийн хуулийн дагуу эрхээ авсан. Нэгэнт хуулиар олгогдсон бол хуулийг буцааж хэрэглэх тухай асуудал байж таарахгүй. Харин хэлэлцээр хийж болно. Төлөвлөснөөс өндөр ашиг олох тохиолдолд хэт ашгийн татвар гэж ногдуулдаг арга бий. Хэт ашгийн орлогыг "Тогтвортой хөгжлийн сан"-д байршуулж, түүгээрээ тулгамдаад буй нийгмийн хамгааллын асуудал, дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулдаг байх хувилбарыг ажлын хэсэг сонгосон гэж Ц.Дамиран ярьжээ.
Түүний ярьснаас үзвэл нэг лицензэд нэг хүн өргөдлөө өгсөн бол тэр хүн авна. Харин тэр хүн дахиад өөр нэг орд газрын лицензийг сонирхвол дуудлага худалдаанд оруулах гэнэ. Харин одоо нэгэнт 200 лиценз эзэмшдэг  хүн яах вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа харамсалтай нь хуулийг буцаан хэрэглэх аргагүй гэжээ.