Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оруулахгүй байхыг хүссэн нь дэмжигдсэнгүй (2006.04.25)
УИХ-ын гишүүн агсан О.Энхсайханы байгуулсан “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнөөс өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тэд УИХ-ын нэр бүхий гишүүд ашиг сонирхлын зөрчлөө хамгаалж, гадаадынхны эрх ашгийг дэндүү илт хамгаалсан 1997 оны хуулийн гол заалтуудыг хэвээр үлдээх сонирхолтой байна хэмээн үзэж байгаа аж. Иймээс тус хөдөлгөөнийхөн УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзахдаа гурван шаардлага тавьж хариу авсан байна. “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл”-д ажиллаж буй ажлын хэсэгт төлөөлөгч оруулах санал гаргасан нь дэмжигдэж, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнөөс гурван хүнийг оруулахаар болжээ. Мөн эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн гишүүдийг ажлын хэсгээс гаргах санал нь дэмжигдэж, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Батж.Батбаяр нарыг ажлын хэсгээс хасчээ.
Харин ашигт малтмалын тухай хуулийг батлах хуралдааны санал хураалтад ашиг сонирхлын зөрчилтэй гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Сү.Батболд, Батж.Батбаяр, Д.Идэвхтэн, Г.Батхүү, Т.Бадамжунай нарыг оролцуулахгүй байхыг хүссэн боловч УИХ-ын дарга хүлээж авах боломжгүй гэжээ. Нэр бүхий зургаан гишүүн нь Таван толгойн ордоос ашиг хүртдэг гээд жишээлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболд энэ ордоос дангаараа таван хувийн ашиг авдаг гэсэн баримтаар тооцоолбол тэрбээр 5-6 сая ам.долларын хөрөнгө хуримтлуулсан гэж “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн үзэж байгаа аж.
Тус хөдөлгөөн Сангийн сайд Н.Баяртсайханд хандан бас хоёр асуудал бүхий шаардлага хүргүүлсэн байна. Үндэсний татварын ерөнхий газарт (ҮТЕГ) О.Энхсайхан агсан шаардлага хүргүүлж байсны дагуу “Бороо гоулд” компанийн НӨАТ-ын талаарх мэдээллийг ирүүлэхийг хүсчээ. ҮТЕГ-ын даргын гарын үсэгтэй ирсэн хариултаас үзвэл найман тн алт гаргасан “Бороо гоулд” компани Монгол Улсад 2,7 тэрбум төгрөгийн төлбөр төлөх өртэй байгаа гэж тус хөдөлгөөн мэдэгдсэн хэмээн “ӨС” /¹102/ мэдээлжээ.