СЕХ-ны шинэ гишүүдийн нэрс тодров (2006.04.26)
Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж СЕХ-ны гишүүнд шинээр нэр дэвшигчдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцжээ. Сонгуулийн тухай шинэ хуулиар СЕХ-г Сонгуулийн төв байгууллага хэмээн нэрийдэх болсон бөгөөд есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаатайгаар ажиллахаар хуульчилсан. Есөн гишүүний хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын Дээд шүүх, тавыг нь УИХ-аас нэр дэвшүүлэн сонгохоор болсон. Энэ дагуу УИХ-д суудалтай нам, эвслээс сонгуулийн төв байгууллагын гишүүн болгохоор долоон хүнийг санал болгожээ. МАХН-аас УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Баттулга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ж.Нарантуяа, Үндэсний статистикийн газрын дарга П.Бямбацэрэн нарын нэрийг дэвшүүлсэн байна. Харин Ардчилсан намаас Барилга, хот байгуулалтын яамны газрын орлогч дарга Б.Баярсайхан, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарыг санал болгожээ. Эх орон намаас Түлш, эрчим хүчний яамны газрын дарга Д.Санжаадорж, Иргэний Зориг намаас ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Төрбаярын нэрийг дэвшүүлсэн байна.
Ерөнхийлөгч хоёр хүний нэр дэвшүүлэх эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын зохион байгуулалтын албаны дарга М.Мэндбилэг, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар нарыг санал болгожээ. Харин Улсын Дээд шүүхээс тус шүүхийн тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нарыг нэр дэвшүүлжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээрх нэр дэвшигчид тус бүрээр санал хураахад Эх орон болон Иргэний Зориг намаас санал болгосон хоёр хүн олонхийн дэмжлэг авч чадаагүй байна. Бусад есөн хүний нэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.