Сангийн сайд асан тогтвортой байдлын гэрээний талаар тайлбар хийв (2006.04.26)

A- A A+
Сангийн сайд асан  тогтвортой байдлын гэрээний талаар тайлбар хийв (2006.04.26)

Сангийн сайд асан  тогтвортой байдлын гэрээний талаар тайлбар хийв (2006.04.26)

Таван толгойн орд газрыг “Energy recourse” гэдэг компани эзэмшдэг бөгөөд түүнд нам харгалзахгүйгээр УИХ-ын олон гишүүн хувьцаа эзэмшдэг. Мөн  одоогийн Засгийн газарт ч ашиг сонирхлын зөрчил их бий. Шадар сайд М.Энхсайханы эхнэр, хүүхэд “Айвенхоу Майнз” компанид ажилладаг хэмээн Сангийн сайд асан Н.Алтанхуяг өчигдөр мэдэгдсэн байна. Монгол Улс нийтдээ дөрвөн удаа тогтвортой байдлын гэрээ байгуулснаас гурав нь Ц.Элбэгдоржийг Засгийн газрын тэргүүнээр ажиллах үед байгуулсан гэж яригдаж байгаа энэ үед Тогтвортой байдлын гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурдаг учраас Н.Алтанхуяг сэтгүүлчдэд бодит тайлбар, мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ийн хэлжээ.

Н.Алтанхуягийн хэлснээс үзвэл Монгол Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн сухайт” компанитай гэрээ байгуулах ажлыг тэрбээр эхнээс нь хариуцаж, холбогдох яамдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг Өмнөговь аймгийн Нарийн сухайтад томилон байдлыг газар дээр нь судлуулсан  бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын 2005 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар хэлэлцээд мөн оны долдугаар сарын 4-нд гэрээ байгуулсан гэжээ.  Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхад /2004.09-2006.01/ дээрхээс гадна өөр хоёр  компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулжээ.  “Скайтель”, “Эрин интернэйшнл” гэдэг хоёр компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээг өмнөх буюу Н.Энхбаярын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байсныг Н.Алтанхуяг Сангийн сайдаар очингуутаа гарын үсэг зурсан хэмээн мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Засгийн газар бол бүхэл бүтэн танхим. Энэ танхимд МАХН-ын 11 сайд өмнөөс хараад сууж байхад би ганцаараа нууж  гэрээ байгуулаагүй гээд хуулийн дагуу санхүү эрхэлсэн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан гэжээ.

Н.Алтанхуяг Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Айвенхоу Майнз” компанийн ерөнхийлөгч Р.Фрийдландтай хэд хэдэн удаа уулзсан гээд хэдэн удаа уулзсан нь гол биш ямар байр суурьтай байсан нь чухал  хэмээн хэлжээ. Тэрбээр манай улс Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулах гэж буй тул одоо тогтвортой байдлын гэрээ байгуулах боломжгүй гэсэн байр суурьтай байсан байна.

Таван толгой бол Өмнөговь аймгийн буюу орон нутгийн өмчид байдаг маргаантай объект. Жилд дунджаар 15 сая тн нүүрс гаргадаг.  Үүнийг төр авах нь зүйтэй гэж Н.Алтанхуяг үзэж байна. Таван толгойн нэг тн нүүрсийг найман ам.доллараар борлуулдаг гэж орон нутагтай хийсэн гэрээндээ тусгачихаад цааш нь үүнээс өндөр үнээр өгдөг байсан. Хажууханд нь Нарийн сухайт нэг тн нүүрсийг 10 ам. доллараар гаргадаг. Нүүрсний үнийг тогтоох талаар Засгийн газар хэлэлцээд Хятадын зах зээлийн дунджаар тооцохоор тогтсон. Тэгээд Таван толгойгоос олж буй орлогыг тооцож, Өмнөговь аймагт улсаас өгдөг  хоёр тэрбум төгрөгийн татаасыг зогсоосон. Экспортод гаргаж буй нэг тонн нүүрсээс 250 төгрөгийн хураамж авдаг байсныг дөрөв дахин нэмсэн. Мөн цайрын орлогыг тооцож, Сүхбаатар аймагт татаас өгөхөө больсон. Энэ нь тухайн үедээ их маргаан үүсгэж байсан. Өмнөговийн Засаг даргын асуудал байн байн гарч ирээд байдаг чинь цаанаа нарийн учиртай. Засгийн газар, орон нутгийн засаглал тус тусдаа улстөр хийдгийг нэг мөр цэгцлэх хэрэгтэй гэж Н.Алтанхуяг мэдэгдсэн хэмээн “ЗМ” сонинд /¹100/ мэдээлжээ.