Стратегийн өмгөөлөл сургалт болж байна

A- A A+
Стратегийн өмгөөлөл сургалт болж байна


“Стратегийн өмгөөлөл“ сургалт болж байна


Нээлттэй Нийгэм Форумаас  Нийтийн Эрх ашгийн  эрх зүйн хүрээлэн олон улсын ТББ-тай хамтран “Стратегийн өмгөөлөл” сургалтыг  өмгөөлөгчид болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-уудад зориулан 3-р сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтын зорилго нь стратегийн өмгөөллийн тухай ойлголтыг Монголд нэвтрүүлэх, улмаар Монголын хуульч, өмгөөлөгчид олон нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалдаг практик бий болгох зорилготой юм. Сургалтаар тодорхой нийгмийн тулгамдсан асуудлууд ялангуяа байгаль орчин, ил тод байдлын асуудлаар өмгөөлөл болон нөлөөллийн стратеги боловсруулах практик чадвар эзэмшүүлэх юм.

Стратегийн өмгөөлөл нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд хандснаар тухайн асуудлыг зохицуулж буй бодлого болон практикт нөлөөлөх зорилготой өмгөөлөл юм. Энэ нь тодорхой үйлчлүүлэгчийн эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг уламжлалт өмгөөллөөс ялгаатай.

Сургалтаар стратегийн өмгөөллийн  үүсэл, хөгжил,  шинжүүд болон бусад улс орнуудын тэргүүн туршлагаас  танилцуулна. Энэхүү сургалтанд АНУ, Словак, Унгар, БНХАУ, Балба, Тайланд зэрэг орнуудын өмгөөлөлөгчид, ТББ-ын төлөөлөгчид оролцож стратегийн өмгөөллийн туршлага, ур чадвараасаа хуваалцах юм.

Сургалтыг  хамтран зохион байгуулж буй Нийтийн Эрх ашгийн  эрх зүйн хүрээлэн нь АНУ-ын Колумбын их сургуулийн харьяа бөгөөд АНУ болон Будапештэд төвтэй. Уг хүрээлэн нь Зүүн болон Төв Европын орнууд,  БНХАУ зэрэг улс орнуудад эрх зүйн шинэтгэл, стратегийн өмгөөллийн чиглэлээр ажилладаг.   

Сургалтанд зориулан Нээлттэй Нийгэм Форумаас “Стратегийн өмгөөлөл-нийтийн эрх ашгийг нэхэмлэн хамгаалах нь” гарын авлагыг бэлтгэн гаргасан ба үүнд
стратегийн өмгөөллийн тухай ойлголт, ач холбогдол, түүний үүсэл, хөгжил болон Монгол Улсын стратегийн өмгөөллийн анхны оролдлого, туршлагын талаар өгүүлсэн. Түүнчлэн,  стратегийн өмгөөлөл хэрхэн хийх арга зүйн зөвлөмж болон НҮБ-ын хүний эрхийг хамгаалах механизмийг хэрхэн ашиглах, стратегийн өмгөөллийн байгууллагуудын тухай багтсан болно.

Нийтийн эрх ашгийг хамгаалан стратегийн өмгөөлөл хийх сонирхолтой өмгөөлөгчид болон ТББ-ын төлөөлөгчид зэрэг 30 гаруй оролцогчид сургалтанд оролцов.

.    Сургалтын хөтөлбөр [PDF]