Сангийн сайд Н.Баяртсайхан: Тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцсэн гэхэд хэцүү байна (2006.04.27)

A- A A+
Сангийн сайд Н.Баяртсайхан: Тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцсэн гэхэд хэцүү байна (2006.04.27)

Сангийн сайд Н.Баяртсайхан: Тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцсэн гэхэд хэцүү байна (2006.04.27)

Сангийн сайд Н.Баяртсайхан Тогтвортой байдлын гэрээ байгуулсан компаниудад  очиж биечлэн танилцсан байна. Монголын Засгийн газар одоогоор нийт есөн компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Байдлаас үзэхэд  эдгээр гэрээ нь Монголын үндэсний эрх ашигт нийцсэн гэж хэлэхэд хэцүү хэмээн Сангийн сайд Н.Баяртсайхан “Бизнесийн мэдээ” сонинд ярилцлагаа өгөхдөө мэдэгджээ.  Тэрбээр уул, уурхайн салбарыг хөгжүүлэх, түүний нөхөн сэргээлтэд шаардагдах хөрөнгө оруулалтын эх сурвалж дутмаг байдаг уул, уурхайн салбарын цаашдын хөгжилд зориулсан тусгай сан байгуулах, эсвэл олон нийтэд чөлөөтэй арилжаалагдах хувьцаа, өрийн бичиг гаргах замаар санхүүжилтийн эх сурвалжийг бүрдүүлж болно гэж Сангийн сайд үзэж байгаа аж. “Айвенхоу Майнз” компанитай байгуулах Тогтвортой байдлын гэрээг Татварын багц хуулиуд, Ашигт малтмалын тухай хууль УИХ-аар батлагдаж, хууль, эрх зүйн орчин бүрдсний дараа авч үзэх нь зүйтэй гэж тэр хэлжээ. 

Сангийн сайдын хэлснээс үзвэл Засгийн газар татварын асуудлаар томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, татварын ачааллыг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжийн татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг нэмэгдүүлэх,  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулалтад “хөрөнгө оруулалтын дүнгийн таван хувьтай тэнцэх” татварын хөнгөлөлт үзүүлэх, салбараар ялгаварласан зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүчингүй болгох, импортын зарим бараанд гаалийн ялгавартай тариф тогтоох, ХАА-н зарим түүхий эдэд экспортын татвар тогтоохоор санал боловсруулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.              

Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2005 оны жилийн эцсийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 3.6 хувиар буурсан нь ДНБ-ний 70.7 хувь болж, өмнөх оноос мөн 20.3 пунктээр буурсан хэмээн Н.Баяртсайхан хэлжээ.  Түүний хэлснээр бол гадаадад төлж байгаа нийт төлбөрийн хэмжээ нийт экспортын 3.6 хувьтай тэнцжээ. Энэ нь олон улсын хэмжээнд мөрддөг сэрэмжлэх төвшин болох 25 хувьтай харьцуулахад нэлээд бага байгаа аж. Зээлийн нөхцөлийн хувьд нийт зээлийн 86 хувь нь хөнгөлөлттэй зээл бөгөөд жилийн 0.5-1.5 хувийн хүүтэй, 32-40 жилийн хугацаанд төлж барагдуулах, 8-10 жилийн дараачаас үндсэн зээлээ төлж эхлэх нөхцөлтэй байна. Эдгээрээс харахад бид “дааж давшгүй” өртэй болчихоогүй байна хэмээн Сангийн сайд хэлжээ.

Улсын төсвийн зарлагын шинэчлэл хийх, зарлагыг багасгах шаардлагатай хэдий ч ийм шинэчлэл хийхэд маш олон хуулийн заалтуудыг өөрчлөх хэрэгтэй учир хэрэгжүүлэхэд амаргүй хэмээн Сангийн сайд мэдэгджээ. Гэхдээ төсвийн үрэлгэн бүтцийг өөрчилж, томоохон өөрчлөлт хийх бодлогын шийдвэр гаргах ёстой гэж тэрбээр үзэж байна.