Төр татвараа хурааж сурсан, одоо хөнгөлөх цаг болжээ (2006.05.05)
Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Өнөөдөр” сонины газарт зочилж дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүнтэй тус сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж ярилцсан байна. Ноён Ц.Балдорж Ерөнхийлөгчөөс М.Энхболдын Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан үнэлэлт дүгнэлтийг сонсохыг хүсчээ. Одоогийн Засгийн газрын ажил үйлсийг дүгнэж хэлэхэд арай эрт байна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа хэдий ч энэ Засгийн газрыг их азтай хэмээн тодорхойлсон байна. Учрыг нь алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл урьд байгаагүйгээр өссөнтэй холбожээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нэг тонн зэсийн үнэ 1350 америк доллар байсан нь зэс олборлох өөрийн өртөгтэй тэнцдэг байж. Харин азтай гээд зүгээр сууж болохгүй. Илүү гарч байгаа, нэмж орж ирж буй орлогоо хэрхэн зөв зүйтэй зарцуулах вэ гэдгээ бодох ёстой. Ойр зуурын биш, бүтээн байгуулалтын шинж чанартай, томоохон асуудлыг шийдэх боломж энэ Засгийн газарт бий гэж Ерөнхийлөгч мэдэгджээ. Ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэхэд гол бодлогоо чиглүүлэх нь зүйтэй гэж тэрбээр үзэж байна. Ашигт малтмалаа зөв, үр дүнтэй ашиглавал маш богино хугацаанд Монгол Улс үсрэнгүй хөгжих бололцоотой. Гэхдээ бид оюун ухаанаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлжээ.
Аливаа Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөний төлөө хэзээ ч тэмцдэггүй. Харин төрийн тэргүүн Ерөнхийлөгч бол өөр. Та хэвлэлийн эрх чөлөөг Монголд бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэсэн ноён Ц.Балдоржийн асуултад Ерөнхийлөгч хариулахдаа, Бид хамтран ажиллах зарчим дээр алдаад байдаг. Мөнгө захиран зарцуулдаггүй, тендер шалгаруулдаггүй болохоор Ерөнхийлөгчийн институцтэй та бүхэн хамтран ажиллахад болохгүй юмгүй. Цөмөөрөө энэ талаар судлаад үзье гэжээ.
Монголд татварын дарамт их байна гэсэн дүгнэлтийг судалгааны олон байгууллага гаргасан байдаг. Дээрээс нь татварын байцаагчдын дарамт гэж бий. Иймээс Тулгар төрийн 800 жилийн ойг угтан Татварын өршөөлийн хууль гэж гаргаж болохгүй гэж Ц.Балдорж санал болгоход Ерөнхийлөгч Н.Энхбаяр төр татвараа хурааж сурчээ. Одоо татварын орчныг зөөллөж, хөнгөлөх цаг болсон гэжээ.
Намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Гэхдээ бүгдийг биш, УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан намуудын сонгуульд зарцуулсан мөнгийг төсвөөс өгөх нь зүйтэй. Тэгвэл намууд мөнгөтэй хүмүүсийг биш жинхэнэ улстөрчдийг сонгох болно гэж ноён Ерөнхийлөгч үзэж байгаа аж. Би намаас татгалзсан үедээ энэ асуудлыг гаргаж тавья. Магадгүй өөр дээрээ гал дуудаж болох юм. Гэхдээ амиа бөөцийлөөд хараад суух арга алга гэж тэрбээр хэлжээ. Манайд хоёр хуулийн этгээдийн харилцаа биш, анги, нам, аймаг, сум, найзуудынх давамгайлж байгаа нь шударга бус байдал, хээл хахууль бий болгоход түлхэц өгч байна гэж тэрбээр мөн мэдэгджээ. Мөн бүртгэлийн тогтолцоо алга. Үүнийг бий болгохгүй бол Монгол хөгжихөд хэцүү. Энэ багц асуудлыг санаачлан хамтарч ажиллаж үр дүнд хүргэе гэжээ.
“Айвенхоу Майнз” компанийн арыг аль ч төрд нөлөөлж чадах янз бүрийн намын төлөөлөл бүхий улстөр, эдийн засгийн бүлэглэл даадаг. Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг бүлэгт хамаардаг гэсэн таамаг байдаг тухайд Ерөнхийлөгч хариулахдаа, ашигт малтмалын орд газарт миний оролцоо байхгүй гэдэгт 100 хувь итгэж болно. Би тухайн үед Ерөнхий сайд байхдаа “Айвенхоу Майнз”-д ашиглалтын лиценз өгөх гэж байгаа тухай огт мэдээгүй. Монголд том хөрөнгө оруулалт хийсний нь хувьд би Р.Фрийдландыг хүлээн авч уулзаж байсан. Намайг “Айвенхоу Майнз”-тай холбох хардлага ОХУ-ын их өрийг төлөх үеэр бий болсон. Манай Засгийн газар “Айвенхоу Майнз”-аас 50 сая ам.доллар зээлж байж их өрийг 250 саяар барагдуулсан. 50 саяыг “Айвенхоу Майнз” Засгийн газрын бондыг худалдаж авах замаар зах зээл дээрээс босгосон. Засгийн газар 50 сая ам.долларыг “Айвенхоу Майнз”-д бага хүүтэйгээр төлсөн гэж хэлсэн байна. Оросын өртэй холбон “Айвенхоу Майнз”-д ашиглалтын лиценз олгосон гээд байгаа нь үндэслэлгүй зүйл юм. Тэдний ВНВ-гээс авсан геологийн лицензийг хуулийн дагуу долоон жилийн дараа ашиглалтын болсон хэмээжээ. Оюу толгойн ордод Тогтвортой байдлын гэрээ байгуулъя гэсэн саналыг “Айвенхоу Майнз” тавьсны дагуу манай Засгийн газар хэд хэдэн удаа компанийн удирдлагатай уулзаж тэдний зарчмаар ийм гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Дараа нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар ч Тогтвортой байдлын гэрээ байгуулах “Айвенхоу Майнз”-ын саналыг хүлээн аваагүй гэж Ерөнхийлөгч ярьжээ.
Оросын их өрийг тэглэсэн асуудлыг би ганцаараа шийдсэн юм биш. Засгийн газар, Yндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ ярьж байж шийдсэн. Тухайн үед төр, засагт ажилласан бүх хүн гавьяатай. Монголчууд бидэнд аз тохиосон. Хэлмэгдэж явсан өвөг дээдсээ бодсон ч, ард түмнээ бодсон ч хугархай зоосны ашиг өөртөө хараагүй. Энэ бол миний амьдралд тохиосон хувь тавилан хэмээн Ерөнхийлөгч хэлжээ.
Зарим томоохон тулгамдсан асуудлын талаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр ярьжээ. Жишээ нь Улаанбаатар хотын захирагчийн ажлыг, асуудлыг ганцхан утаагаар шийдье гэж ярьсан, хэлсэн. Монголчуудад бол автомат тоглоомын газар хэрэггүй гэж бодож байна. Би уг нь тоглоомын газруудыг хаах саналтай байдаг гэжээ. Харин казино байгуулах юм бол зөвхөн гаднын хүмүүс тоглох зөвшөөрөлтэйгээр л байгуулах ёстой гэж тэр үзэж байна.