Алт, зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн татвар авах боллоо (2006.05.15)
УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа “Зарим төрлийн бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж баталлаа. Энэ хуулийн гол санаа нь өдөр тутмын хэвлэлүүдэд мэдээлснээр бол алт, зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн албан татвар авахаар болжээ. Тухайлбал, Лондонгийн бирж дээрх нэг тонн зэсийн үнэ 2600 ам.доллараас, алт нэг унц нь 500 ам.доллараас дээш давсан тохиолдолд тухайн ашгаас 68 хувийн татвар авч байхаар болсон аж.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Дамиран, З.Энхболд нарын санаачилсан Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн төсөл ийм нэртэйгээр батлагдсан байна. Төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед хуулийн нэрийг өөрчилж, зэсээс гадна алтыг оруулахаар болсон ажээ. Хуулийг УИХ анхны хэлэлцүүлгээрээ шууд баталсан байна. Энэ хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж “Өнөөдөр” сонинд мэдээлжээ.
Энэ хуулинд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчид таагүй хандаж буй бөгөөд Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй хэмээн зарим ажиглагч дүгнэж байна. Юутай Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци зэсийн баяжмал, алтны борлуулалтын орлогод үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвар ногдуулах тухай хуулийг парламентаас батлан гаргасантай холбогдуулан энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг уулзалтад урьсан зарыг түгээгээд байна.