УИХ, Засгийн газарт хандсан шаардлагууд (2006.05.16)
Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний зургаа нь МАХН-ын гишүүн буюу гишүүнээс түдгэлзэгчид, хоёр нь Ардчилсан намын гишүүнээс бүрдүүлснийг эсэргүүцэж Иргэний Зориг нам, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн хамтран өнөөдөр жагсаал зохион байгуулахаар болжээ. Сонгуулийн шинэ хуулиар СЕХ-нд нэр дэвшигчийг хасах хүртэл маш их эрх өгсөн атал энэ байгууллагын бүрэлдэхүүнд хоёр намын төлөөлөл орсон нь сонгуулийг будлиантуулах, өөрсдийн намын эрх ашигт үйлчлэх нөхцлийг хангасан хэрэг гэж тэд үзэж байна. Иргэний Зориг нам болон Эрүүл нийгэм хөдөлгөөн нь 2008 оны сонгууль хүртэл Сүүдрийн Засгийн газар байгуулан хамтран ажиллахаа саяхан мэдэгдээд байгаа бөгөөд энэ жагсаал нь тэдний хамтдаа зохион байгуулж буй анхны акц болох юм. Жагсаалын зорилго нь СЕХ-ны бүрэлдэхүүнийг эсэргүүцэхээс гадна сонгуулийн товыг наашлуулж ээлжит бус сонгууль явуулах явдал юм гэж тэд өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Тэд эсэргүүцлээ албан шаардлага болгож, УИХ-ын дарга Ц.Нямдоржид хүргүүлж, хариуг өчигдөр авах ёстой байсан боловч хариу өгөөгүйн улмаас эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатрын талбайд өнөөдөр 11 цагаас явуулна гэж ЭНИХ-ий зохицуулагч О.Магнай мэдэгджээ.
Ардчилсан намын зөвлөл мөн өчигдөр Ерөнхий сайд, МАХН-ын дарга М.Энхболдод хандан хоёрдахь сануулгаа өгсөн байна. Өмнө нь тус нам төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас нь халж байгаа талаар Ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд энэ удаа намынх нь гишүүдийг олноор нь халж байгааг эсэргүүцэн хатуу сануулга өгсөн нь энэ ажээ. Yндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа үйлдлээ залруулахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэж Ардчилсан нам үзэж байна. УИХ-ын гишүүн С.Ламбаагийн “Өнөөдөр” сонинд /¹113/ ярьснаас үзвэл төрийн боловсон хүчний халаа сэлгээ луйвар, наймааны шинж чанартай болж хувирсан аж. Жишээ нь, МИАТ-ийн захирлын томилгооны цаана наймааны шинж харагдаж буй гэж Ардчилсан намын УИХ дахь гишүүд үзэж байгаа гэж тэрбээр мэдэгджээ. Бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийж байгаа явдлаа өнөөдрөөс эхлэн зогсоохыг шаардаж, хэрэв зогсоохгүй бол Засгийн газрыг огцрохыг шаардана гэж С.Ламбаа мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд гэхэд Нийгмийн халамж, хөдөлмөрийн газрын даргыг өөрчлөх гэж байна. Эндээс харахад Ерөнхий сайд бөгөөд МАХН-ын дарга М.Энхболд Ардчилсан намын гэсэн нэртэй болгоныг зайлуулах бодлого барьж байна гэж тэрээр ярьжээ.