УИХ сонгуулийн хуулийг зөрчиж байна (2006.05.22)

A- A A+
УИХ сонгуулийн хуулийг зөрчиж байна (2006.05.22)

УИХ сонгуулийн хуулийг зөрчиж байна (2006.05.22)

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ оны долдугаар сарын 2-нд явуулах саналыг өргөн мэдүүлсэн боловч асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа нь УИХ өөрөө хууль зөрчиж буйн нэг илрэл болж байна. Хуулийн энэ зөрчлийг УИХ-ын дарга ч өөрөө хүлээн зөвшөөрсөн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Гэтэл нөхөн сонгуулийг энэ оны есдүгээр сарын 3 хүртэл хойшлуулах саналыг УИХ-д МАХН-аас сонгогдсон Ц.Сүхбаатар гишүүн гаргасныг МАХН-ын бүлгийн гишүүд дэмжсэн байна. Харин Ардчилсан нам үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ингээд парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдрийн турш маргасан боловч нөхөн сонгуулийн товыг зарлаж чадалгүй таржээ.

Үүнтэй холбогдуулан  УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн  зөвлөл мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдснаар “ардчиллын тулгуур зарчим болох ард түмэн сонгуулиар дамжуулан төрийн эрхийг барилцах эрх, боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд, УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг орон гарснаас хойш УИХ 14 хоногийн дотор зарлаж, 45 хоногийн хугацаанд багтаан явуулахаар заасан юм. Монгол ёс заншлаа бодож, нас барсан гишүүний 49 хоногийг дууссаны дараа сонгуулийн товыг зарлаж ирсэн уламжлалыг хадгалан сонгуулийн төв байгууллага 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийг тавдугаар сарын 18-нд зарлаж, долдугаар сарын 2-нд явуулахар тооцож УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна.

Гэвч намынхаа эрх ашгийг сонгогчдын эрх ашгаас дээгүүр тавьсан МАХН-ын башир аргаас болж 46 дугаар тойргийн нөхөн сонгууль хэдэн сараар хойшлогдоход хүрээд байна. Энэ бол хуулийг уландаа гишгэж, Хөвсгөл аймгийн 46 дугаар тойргийн сонгогчдын төрийн эрх мэдэлд төлөөллөөрөө дамжин оролцох Үндсэн хуулийн эрхийг нь бүдүүлгээр зөрчиж тэднийг доромжлон, тохуурхсан увайгүй оролдлого гэж Ардчилсан нам үзэж байгаагаа сонгогч түмэндээ харамсан мэдэгдэж байна гэжээ. Улсын баяр наадмаар далимдуулан нөхөн сонгууль явуулах хугацааг хойшлуулж байгаа нь МАХН өөрийнхөө нэгэнт унасан нэр хүндээ сонгуулийг будлиантуулдаг башир аргаараа нөхөхөөр бодож үүнийхээ төлөө цаг сунжруулах гэсэн оролдлого юм. Түүнээс өөрөөр хууль зөрчин байж нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулах ямар ч үндэс байхгүй гэж уг мэдэгдэлд дурджээ.

Тэрчлэн “Зууны мэдээ” сонинд дурдснаар бол 46 тойргийн сонгогчид УИХ-ын даргад хандан захидал ирүүлсэн байна. Тэд есдүгээр сард нөхөн сонгууль явуулах гэж буй нь  хууль зөрчихийн зэрэгцээ  намрын ид ажил болон өвлийн бэлтгэл хангахтай давхцуулан явуулах гэсэн нь ойлгомжгүй юм гээд тус тойргийн сонгогчдийг даруй УИХ-д төлөөлөлтэй болгож өгөхийг УИХ-ын даргаас хүссэн байна.