Ерөнхийлөгч хориг тавих уу? (2006.05.23)

A- A A+
Ерөнхийлөгч хориг тавих уу? (2006.05.23)

Ерөнхийлөгч хориг тавих уу? (2006.05.23)

Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварт Ерөхийлөгч хориг тавих эсэх нь энэ өдрийн анхаарал татсан гол сэдэв болж байна.  "Зарим бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль"-ийг УИХ батлан гаргасныг уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид эрс эсэргүүцэн  мэдэгдэл гаргасан бөгөөд тэд энэ хуульд  Ерөнхийлөгч хориг тавина гэдэгт ихээхэн найдаж байгаа юм. Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр зөвлөл  мэдэгдэхдээ,  энэ хууль нь тухайн салбарт ажиллагсад болон тэдний ар гэрийн амьжиргааны эх үүсвэр, цаашлаад төсвөөр дамжин санхүүжигддэг улс орны нийгмийн амьдралыг устгах гэсэн явуургүй бодлоготой төдийгүй  "тусгай сан" гэдэг нэрээр татвар төлөгчдийн хөрөнгийг луйвардан завших гэсэн атгаг санаа агуулж байна гэж үзжээ.

”Өнөөдөр” сонинд мэдээлснээр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд өчигдөр дээрх хуульд хориг тавих талаар ярилцсан сурагтай. Ерөнхийлөгчийн  хориг тавих хугацаа энэ пүрэв гаригийн үдээс хойш дуусах юм байна.  Хэрэв Ерөнхийлөгч алтны үнийн гэнэтийн өсөлтөөс татвар авах асуудалд хориг тавибал УИХ дахь Ардчилсан намын гишүүд хүлээн авахад бэлэн байна гэж УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн зөвлөлийн дэд дарга Б.Мөнхтуяа мэдэгдсэн байна. Түний хэлнээс үзвэл тус нам  анхлан зэсээс гэнэтийн ашгийн татвар авах санал гаргасан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ дахь МАХН-ын бүлэг  алтнаас мөн гэнэтийн ашгийн татвар авах санал гаргасан аж.