Гэнэтийн ашгийн албан татварын хуульд Ерөнхийлөгч хориг тавьсангүй (2006.05.29)

A- A A+
Гэнэтийн ашгийн албан татварын хуульд Ерөнхийлөгч хориг тавьсангүй (2006.05.29)

Гэнэтийн ашгийн албан татварын хуульд Ерөнхийлөгч хориг тавьсангүй (2006.05.29)

УИХ-аас гэнэт батлан гаргасан Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд албан татвар оногдуулах тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсангүй. Энэ талаархи “Өдрийн сонин”-ы асуултад Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Намхайжанцан хариулжээ.

Тэрээр:
“Ерөнхийлөгч хориг тавиагүй учраас хууль мэдээж хүчин төгөлдөр болно. Тиймээс цаашид хэрэгжиж таарна. Хамгийн харамсмаар зүйл нь, нэгдүгээрт, яаруу сандруу батлагдлаа. Хоёрдугаарт, энэ байдлаасаа болоод Монгол Улсын төрийн эрх зүйн зохицуулалтын бодлого, татварын бодлого тогтворгүй байдаг гэсэн ойлголтыг гадаадын хөрөнгө оруулагч, гадаад, дотоодын түншүүдэд өгсөн нь хүндрэлтэй байдлыг үүсгэлээ. Мөн алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй дотоодын 180 гаруй аж ахуйн нэгжүүдэд асар хүндээр тусч байна. Тэдний ихэнх нь гадны банкнаас зээл авсан, эсвэл гадны түншүүдээсээ техник, технологийн шинэчлэл хийхэд зориулан тодорхой хөрөнгө оруулалтын дэмжлэг авсан байгаа юм.

Манай улс капиталын хуримтлалгүй зах зээлд шилжээд арав гаруйхан жил боллоо. Гэтэл гадаадын түншүүд "Зээлээ төлөх баталгаа чинь яаж байна, одоо яаж төлөх гэж байна. Танай татварын орчин чинь ингээд өөрчлөгдчихлөө. Тийм учраас өгсөн мөнгийг, миний оруулсан хөрөнгө оруулалтыг төдийд төлнө гэсэн баталгаа өг" гэх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа. Цаашид хамтраад бизнесийн хүрээгээ өргөжүүлье, хөрөнгө оруулалт хийе гэж байсан гэрээ, хэлцэл хойшлогдох байдалд хүрээд байна.

Гэнэтийн ашгийн албан татварын тухай дээрх хуулийг хэрэгжүүлснээр нааштай асуудлууд үүснэ гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүд өгч байгаагийн хувьд эерэг болон сөрөг талыг бид судалсан.

Гэхдээ энд дүгнэлт өгөхөд арай эрт байна. Эерэг тал нь гэхээр газар дорхи эрдэс, баялгаа ашигласны үр өгөөжийг монголын ард түмэн хувь тэнцүү хүртэх ёстой гэсэн үзэл бодлыг хэрэгжүүлэх нэг оролдлого болж байна. Нөхөн сэргээгддэггүй баялгийг эмх замбараатай, хязгаарлалттай ашиглая гэсэн бас нэг оролдлогыг бий болголоо. Бидний аз болоход алт, зэсний үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр асар ендөр үнэд хүрч байна. Эндээс олсон орлогыг, нэгдүгээрт, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд, хоёрдугаарт, бүтээн байгуулалтад зарцуулах гэх мэтчилэн эерэг талууд байгаа.

Нөгөөтэйгүүр, хууль хэрэгжилтийн явцад сөрөг зүйл, бэрхшээл давамгай гараад ирэх  боломж бий. Ерөөсөө энэ асуудлыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригоор шийдвэрлэх албагүй. Яагаад гэхээр хууль хэрэгжээд эхлэг, эндээс амьдрал дээр ямар байх нь харагдана. Алдаатай шийдвэр гараад юм уу, хэрэгжээд болохгүй байгаа нөхцөлд УИХ эргэж авч үзээд шийдвэрлэх бололцоо бий” гэсэн байна.