Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хийж тус хуулийг дөнгөж сая баталлаа. Энэ хуулийг баталснаар “Монгол улс сонгуулийн санал хураалт болоод санал тоолох үйл ажиллагааг орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар автоматжуулсан байдлаар явуулах боломж бүрдсэн бас нэгэн түүхэн шийдвэр гарч байна” гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл онцоллоо.
Энэ жилийн улсын төсөвт энэ хуультай холбоотойгоор 24 тэрбум төгрөгийг төсөвлөн сонгуулийн санал авах болон тоолох техник хэрэгсэл авахаар болоод байгаа билээ. Сонгуулийг автоматжуулснаар сонгууль явагдах цаг хоёр цагаар багасах буюу 20:00 цаг хүртэл санал авахаар болж байна. Мөн сонгогчдын тухай мэдээллийг санал авах машинд суулгаж техник өөрөө автоматаар сонгогчийн бүртгэлийг таньж саналаа хурааж, санал авч дууссаны дараа автоматаар санал тоолох зэрэг давуу талууд бүрдэх юм байна.
Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлж буйгаар тэд БНСУ-аас санал тоолох машиныг, АНУ-аас санал тоолох техникийг авахаар хэлцэл явагдаж байгаа гэнэ.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүд санал авах үеэр гэрэл, цахилгаан их тасарч, сонгуулийг будилаантуулах тохиолдол их байдаг бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар СЕХ-ноос тодруулж байлаа. Энэ талаар СЕХ-ын дарга Н.Лувсанжав мэдээлэхдээ “Бид гэрэл, цахилгаан тасрахад шуурхай нөөц хувилбарт шилжүүлэх бэлтгэлийг хийж байгаа” гэв.
Ийнхүү УИХ-ын гишүүд өнөөдөр сонгуулийг автоматжуулсан байдлаар явуулах түүхэн шийдвэрийг 84.8 хувийн саналаар дэмжин баталлаа.
Мэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn