Сонгууль 2006: Нөхөн сонгуулийн сурталчилгаа эрчимжиж байна (2006.08.30)
УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс тав хоногийн өмнө урьдчилсан санал хураалтыг явуулж болохоор заасны дагуу УИХ-ын 46 дугаар тойргийн сонгогчид өчигдрөөс эхлэн урьдчилсан саналаа өгөх боломжтой болжээ. Санал хураалтын өмнөх өдөр буюу есдvгээр сарын 2-ны 19 цагт хэчнээн хvн урьдчилж санал өгсөн тухай нэгдсэн мэдээлэл гарна гэж тус тойргийн сонгуулийн хорооны дарга Д.Норовсамбуу “ЗМ” сонинд ярьжээ. Ийнхүү урьдчилж санал авахад сонгуулийн хэсгийн хорооныхон бvрэн бvрэлдэхүүнээрээ байж, намуудын ажиглагчдыг оролцуулж, тухайн хүн сонголтоо хийсний дараа саналын хуудсыг дугуйлж, хэсгийн хорооныхон тvvн дээр нь лац тавьж битvvмжилнэ гэжээ. Түүний ярьснаас үзвэл намуудын сурталчилгаа эрчимжиж байгаа аж. Сурталчилгаанд долоон намаас ойролцоогоор 100 гаруй автомашин, 700 орчим хүн явж байна. Энэ нэг намын сурталчилгаанд 100 орчим хvн оролцож байна гэсэн үг.
“Өнөөдөр” сонины тусгай сурвалжлагчийн мэдээлснээр бол аймгийн төвд бараг л таван алхмын зайд нэр дэвшигчдийн сурталчилгааны байрууд туг далбаа хийсгэн байх аж. 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд долоон намын нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн зургаа нь сонгуулийн сурталчилгаа, ухуулгынхаа гол сэдвээр газар шороог сонгон авсан байна. Нэр дэвшигчдээс Ө.Энхтүвшин, О.Отгонсайхан, Ч.Базар, Л.Дэлгэрдалай нар сурталчилгаагаа идэвхтэй явуулж, тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийж дууссан гэж тус сонинд мэдээлжээ. Харин МУНН-ын Л.Тэмүүжин, БНН-ын С.Баянманлай хоёрын сурталчилгаа тийм ч идэвхтэй бус байгаа аж.
Нөхөн сонгуулийн санал хураалтад 14742 хүн оролцоно гэж тооцоолж байгаа ч хадлан бэлтгэл, хичээлийн нээлттэй давхцаж байгаа тул сонгогчдын ирц хангалтгүй байх тал ажиглагдаж байгаа ажээ. Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүү энэ сарын 2-нд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон захирамж гаргасан боловч энэ шийдвэрээ наймдугаар сарын 24-нд цуцалжээ. Yүнийг нь МАХН-ын сонгуулийн штаб эсэргүүцэж, сүүлийн захирамжаа эргэж харахыг шаардсан байна.