Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын ээлжит чуулган болж байна (2006.09.13)

A- A A+
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын ээлжит  чуулган болж байна (2006.09.13)

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын ээлжит  чуулган болж байна (2006.09.13)

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацаас дөрөвдэх удаагаа зохион байгуулж байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2006” чуулга уулзалт өчигдөр эхэлжээ. Yйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайхан чуулганы нээлт дээр УИХ-аас шинээр баталсан Ашигт малтмалын тухай хууль нь уурхайн салбарт таатай орчин бүрдүүлэхэд түлхэц үзүүлнэ. Эрдэс баялгийн ордыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл нь арилжааны хэрэгсэл болж байсан зохисгүй явдал арилна гэж мэдэгдсэн байна.

Стратегийн ач холбогдолтой орд газар дахь төрийн  оролцоооны тухай шинэ хуулийн  заалтыг хөрөнгө оруулагчид  нэлээн сонирхож байна гэж өдөр тутмын сонинуудад мэдээлжээ. Төр оролцох нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрсдэлгүй байх баталгаа болно хэмээн сайд Б.Жаргалсайхан хэлээд “Айвенхоу Майнз” компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж буй нь чухам үүнтэй холбоотой хэмээн хөрөнгө оруулагчдад мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл томоохон төслүүд өртгөө удаан хугацаанд нөхдөг учраас тэдгээрийг хэрэгжүүлэх үйл явцыг төр анхаарах ёстой аж. Төр оролцоно гэдэг нь Засгийн газар бизнес хийнэ гэсэн үг. Гэхдээ менежментэд нь оролцохгүй гэж тэрбээр үзэж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил үүн дээр мөн өөрийн тайлбарыг хийжээ.  Тухайн ордыг ашиглахад төр оролцох эсэхийг, ямар ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзэхийг УИХ, Засгийн газар шийднэ. Хөрөнгө оруулагчидтай ч төр нарийн тохиролцоо хийж хэрхэн оролцохоо тодорхойлно. Монголын төр хийгээд хөрөнгө оруулагчид нь  хоёр бизнесмений хэмжээнд яриа хэлэлцээгээ хийнэ хэмээн тэрбээр тайлбарласан аж. Лиценз авсан компаниуд түүнийгээ хөрөнгийн бирж дээр барьцаанд тавьчихаад мөнгө “босгох” зорилготой байдаг бол  шинэ хуулиар энэ нь бүтэхгүй. Усыг нь уувал ёсыг нь дагана гэж монголчууд ярьдаг хэмээн Ц.Мөнх-Оргил мэдэгджээ.

Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан Монгол дахь бизнесийн орчинг тогтвортой, бүтээлч байлгахад Засгийн газар анхаарч ажиллана гээд шаардлагатай хөрөнгө хүч, дэвшилтэт техник, технологио дайчлан Монгол Улсын Засгийн газартай хамтран шинэ орд нээхийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад хандан  уриалсан аж.

Энэ удаагийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 300 гаруй аж ахуйн нэгж компани, хайгуулийн болон олборлолтын лиценз эзэмшигчид оролцож буй бөгөөд уул уурхайн 40 гаруй компани Хүүхдийн ордонд үзэсгэлэн ажиллуулж үйл ажиллагаагаа сурталчилж байна.