Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр 2006 он

A- A A+
Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр 2006 он

БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
2006 он

Нээлттэй Нийгэм Форум 2006 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрөө зарлаж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь бодлогын шинжилгээ судалгааг дэмжиж, чанарыг дээшлүүлэх, бодлого судлаач, шинжээчдийн чадавхийг хөгжүүлэхэд чиглэнэ. Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн сэдвийг дараахь чиглэлээр зарлаж байна. Үүнд:

ТББ-ын санхүүжилтийн тогтвортой байдал  

ТББ-ууд санхүүгийн хувьд бие даан тогтворжих асуудлыг  судалж, төрөөс филантрофийг бодлоготойгоор хөгжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих зэрэг асуудлаар  бодлогын зөвлөмж боловсруулна. Түүнчлэн төрийн бус байгууллагууд хөрөнгө босгох, сайн дурын үйл  ажиллагаа өрнүүлэх, хандив цуглуулах болон орлогын бусад эх үүсвэр бүрдүүлэх боломжийг судална.   

Төрийн байгууллагаас иргэдэд мэдээлэл хүргэх механизм

Ардчилал, сайн засаглалын үндсэн зарчим болох мэдээллийн эрх чөлөө нь иргэдийн мэдээлэл олж авах хүчин чармайлтаар хязгаардагдахгүй бөгөөд төрийн байгууллагуудын зүгээс идэвхтэй хэлбэрээр мэдээлэл түгээснээр хэрэгждэг.    Бодлогын судалгааны хүрээнд төрийн байгууллагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй бодит байдлыг үнэлэн, мэдээллийн оновчтой ангилал, зохион байгуулалт, үр дүнтэй, шуурхай хүргэх сувгууд,  эдгээрийг хэрэгжүүлэх бүтэц, чиг үүргийг багтаасан мэдээлэл хүргэх цогц механизмийн талаар бодлогын зөвлөмж гаргана.

Төрийн албаны тогтолцоо
Төрийн албаны тогтолцоо тогтвортой, мэргэшсэн байх нь төрийн бодлого, түүний хэрэгжилтэд чухал нөлөөтэй. Бодлогын судалгаагаар төрийн албаны тогтолцоог 
улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, мэргэшсэн, тогтвортой байх талаас нь үнэлэн, төрийн алба хаших нөхцөл болзол нь нийт иргэдийн хувьд адил тэгш байх боломж бүрдүүлэх талаар бодлогын хувилбар гаргана. Энэхүү асуудлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн одоогийн чиг үүргийг авч үзнэ.  

Ашиг сонирхлын зөрчил
Авилгал үүсэх  нэг нөхцөл  нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, аливаа үйл ажиллагаа явуулах бөгөөд Монгол улсад  ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бодлого,  эрх зүйн зохицуулалт  үгүйлэгдэж байна. Иймээс энэхүү асуудлыг дэлгэрүүлэн авч үзэн, оршиж буй сонирхлын зөрчлийн түгээмэл хэлбэрүүд, түүний үр дагавар, нөлөөлж буй улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн гэх мэт хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид урьдчилан сэргийлэх арга замууд, тэдгээрийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаар бодлогын зөвлөмж гаргана. 

Төрийн хяналт шалгалтын тогтолцоо

Төрийн хяналт шалгалт нь хуулийг дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчимд үндэслэсэн байдаг. Бодлогын судалгааны хүрээнд төрийн хяналт шалгалтын тогтолцоонд дээрх зарчмууд хэрхэн хэрэгжиж буйг үнэлэн,  цаашид хийгдэх шаардлагатай шинэтгэлийн талаар бодлогын зөвлөмж гаргана. Түүнчлэн, төрөөс хяналт шинжилгээ хийх үүргээ гүйцэтгэхэд нь төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах механизмийн талаар судлан, бодлогын зөвлөмждөө тусгана.

Орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцоо
Орон нутагт хэлэлцэгдэж байгаа болон хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэдийн амьдралд шууд хамааралтай.  Иймээс орон нутгийн түвшинд аливаа шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулснаар илүү оновчтой шийдвэр гарч, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.  Энэ судалгааны хүрээнд орон нутгийн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд иргэдийг оролцуулах боломж, арга замыг судлаж бодлогын зөвлөмж гаргана.

ЕБС-ийн сурах бичгийг үнэ төлбөртэй болгох бодлого
ЕБС-ийн сурах бичгийг үнэ төлбөртэй болгох бодлого хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөн бий болгосноор сурах бичгийн боловсруулалт, хэвлэлийн чанарыг сайжруулах, олон хувилбартай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн энэхүү бодлого бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг судалж, бодлогын зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо
Сүүлийн жилүүдэд нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, энэ салбарын зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн төвшинд томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Энэ судалгаа эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудалд төвлөрч,  эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх боломж, нөхцлийг авч үзнэ. Судлаач эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо, үүний дотор улсын төсөв ба эрүүл мэндийн даатгалын асуудлыг судлан үнэлгээ өгч, санхүүжилтийн тогтолцооны улмаас үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлогын хувилбарууд, бодлогын зөвлөмжийг гаргана.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийн асуудал

Судлаач эрэн сурвалжлах сэтгүүлзүйн өнөөгийн байдлыг үнэлж,  эрх зүйн орчинд шинжилгээ хийж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, бусад оронд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжихэд хэрэглэж буй арга механизм, шинэ хандлагыг судална. Энэ үндсэн дээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх  зөвлөмж боловсруулна.

Бизнесийн нийгмийн хариуцлага

Бизнесийн үйл ажиллагааны нийгмийн хариуцлагатай байдал /хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө үүрэг хүлээх төдийгүй нийгмийн зорилтуудыг шийдвэрлэхэд хариуцлага хүлээж буй/ -ыг судалж, олон улсын жишигтэй харьцуулан үнэлэлт өгч, цаашид бизнесийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар бодлогын болон бизнесийн байгууллагын түвшинд авч хэрэгжүүлж болох тодорхой зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно.  

Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх нь

Хувийн сектор, ялангуяа жижиг дунд бизнест тулгардаг саад бэрхшээлүүдийн нэг нь санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал байсаар ирсэн явдал юм. Хэдийгээр банк санхүүгийн үйлчилгээ хурдацтайгаар хөгжиж байгаа ч зээл олголтод нөлөөлөх гол хүчин зүйл нь зээлийн барьцаа хэвээр байна. Судлаач нь өнөөгийн зээлийн барьцаанд тавигддаг шаардлага, зээлдэгч нарт барьцааны хөрөнгө бий болгоход нь банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах замаар дэмжлэг үзүүлж буй олон улсын болон дотоодын байгуулагын үйл ажиллагаа, арга хэлбэрүүдийг судлан, олон улсын практиктай жишин зээлийн барьцааг орлуулах болон бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх байж болох үр ашигтай хувилбаруудыг боловсруулна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлж болох бусад эх үүсвэр, боломжуудыг судлан бодлогын хувилбар боловсруулна.  

Төрийн бодлого дахь хөдөөгийн хөгжлийн асуудал

Монгол улсын хөгжилд хөдөөгийн хөгжлийн асуудал чухал үүрэгтэй. Ялангуяа хот, хөдөөгийн ялгаа эрс нэмэгдэж, хот руу чиглэсэн нүүдэл  идэвхжсэн манай орны хувьд хот, хөдөөгийн хүн амд  ижил тэгш боломж бүрдүүлсэн, тууштай, уялдаатай чиг шугам төрийн бодлогод нэн чухал. Судлаач төрийн бодлогод хөдөөгийн хөгжлийн асуудлын эзэлж буй байрь суурь, түүний хэрэгжилт, хөдөөгийн хөгжлийн талаарх бодлогуудын хоорондын уялдаа холбоог судалж бодлогын зөвлөмж боловсруулна.  

Эрчим хүчний аюулгүй байдал
Монгол улсын эрчим хүчний салбар дотоод, гадаад нөлөөллөөс ихээхэн хамааралтай. Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал нь Монголд бизнесийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэгтэй. Судлаач уг салбарын ирээдүйн хөгжлийн дүр зураг, эрэлт, нийлүүлэлтийн чиг хандлагыг судлаж, бизнес эрхлэгч, хувь хүмүүст илүү найдвартай, аюулгүй эрчим хүчээр хангахад зориулсан эдийн засгийн бодлогын асуудлыг авч үзнэ. Үүнд ялангуяа нүүрсний салбар эрчим хүчний аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх, салбарын экспортын боломж зэрэг асуудлыг тусгах боломжтой.

Хүнсний аюулгүй байдал
Хүнсний аюулгүй байдлыг хангах явдал нь улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын чухал хэсэг. Хэдийгээр энэ чиглэлээр бодлогын олон тооны судалгаа, баримт бичиг боловсруулагдсан ч тэр бүр амьдралд хэрэгждэггүй. Ялангуяа импортын хүнсний барааг их хэмжээгээр хэрэглэдэг манай улсын хувьд дээрх бодлогуудыг амжилттай хэрэгжүүлэх арга замыг судлаач гаргаж ирнэ. Хүнсний стандартууд, импортын болон дотоодын үйлдвэрийн хүнсний барааг урамшуулах болон эс урамшуулах арга хэрэгсэл, хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг судалгааны хүрээнд авч үзнэ.  

Инфляци ба мөнгөний эрэлт
Монгол улсын инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байсан ч мөнгөний хэмжээ өсөх, экспортын, импортын гол нэрийн түүхий эдийн үнэ хэлбэлзэх зэргээс хамааран цаашид нэмэгдэх боломжтой юм. Судлаач мөнгөний эрэлт, мөнгөний нийлүүлэлт, валютын нөөц ба ханш, төсвийн ашиг зэрэг хүчин зүйлс инфляцитай ямар уялдаатай болохыг онолын болон практик талаас нь судлаж, цаашид инфляцийг тодорхой хэмжээнд барих бодлогын сонголтуудыг боловсруулна. Мөн инфляцийг тооцох аргачлалд дүн шинжилгээ хийнэ.   

Өргөдөл гаргах болон сонгон шалгаруулалт
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Товч анкет
  • Судлаачаар ажиллах сонирхлоо илэрхийлсэн хувийн өргөдөл. Хэмжээ 1-2 хуудас
  • Албан газрын өргөдөл /Энэхүү судалгааны ажил тухайн байгууллагагын зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа, байгууллагын оролцоо дэмжлэг зэргийг тусгасан байх/. Хэмжээ 1-2 хуудас   
  • Сонгож авсан сэдвээр боловсруулсан судалгааны төлөвлөгөө. Үүнд: зарлагдсан судалгааны чиглэлийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон сэдэв, зорилго, зорилтууд, арга зүйг нарийвчлан тусгаж,  судалгааны ажлын ач холбогдол, үр дүнг тодорхойлох. Хэмжээ 3-5 хуудас 
  • Хөтөлбөрт оролцохыг дэмжсэн тодорхойлолт (хоёр хүнээс)  
  • Бүтээлийн жагсаалт
  • Бичлэгийн загвар (өөрийн бичсэн судалгааны тайлангийн хураангуй, нийтлэл, гэх мэт)

Судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах удирдамж, хөтөлбөрт оролцохыг дэмжсэн хөндлөнгийн тодорхойлолтын маягт зэргийг Нээлттэй Нийгэм Форумаас биеэр ирж юмуу www.forum.mn сайтаас татаж авч болно.
 
Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл    
Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 – 9 сар байна. Судлаач нь энэ хугацаанд тогтмол зохиогдох бодлогын судалгааны арга зүйн сургалтад хамрагдахын зэрэгцээ судалгааны сэдвээр хийгдэх ярилцлага, семинарт оролцоно. Судлаачдад дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүд зөвлөлгөө өгч, харилцаатай ажиллана.

Хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ өндөр байх ба судалгааны ажилтай холбогдон гарах бусад боломжит зардлыг хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Судалгааны ажлын эцсийн тайланг хэвлэн, Нээлттэй Нийгэм Форум бодлогын портал сайтад байрлуулна.

Судлаачид тавигдах шаардлага
Судлаачид доорх шаардлага тавигдана. Үүнд:

  • Бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй (дипломын баталгаажуулсан хуулбарыг хавсаргана)
  • Судалгаа, шинжилгээний ажлын зохих туршлагатай
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, 50 хүртэлх настай
  • Ажлын цагийн 50-иас доошгүй хувийг судалгааны ажилд зориулах боломжтой (ажлаасаа бүрэн буюу тодорхой хувиар чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн захидлыг албан газраасаа авч хавсаргана)
  • Гадаад хэл дээр мэдээлэл ашиглах боломжтой  
  • Компьютерийн хэрэглээний болон судалгааны программыг ашиглах чадвартай

Сонирхогчдод зориулж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2006 оны 11 дүгээр сарын 17-ны Баасан гарагийн 17:00 цагт ННФ-ын хурлын танхимд болно.
Утас, факс, э-шуудангаар мэдээлэл, лавлагаа өгөхгүй.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2006 оны 11-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг.

Бүрдүүлсэн материалаа дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж 5/1,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот,
Монгол Улс-210648
Утас: 976-11-313207
Факс: 976-11-324857
Бодлогын Судалгааны Хөтөлбөрт

Бүрдэл дутуу материалыг хүлээж авах боломжгүй. Мөн шалгаруулалтад хүлээж авсан материалыг эргүүлж олгохгүй болохыг анхаарна уу.