Төлсөн татвар, авсан орлогоо Ил тод тайлагнацгаая

A- A A+
Төлсөн татвар,  авсан орлогоо  Ил тод тайлагнацгаая

Төлсөн татвар,  авсан орлогоо
Ил тод тайлагнацгаая

Олборлох салбарын ил тод байдлын төлөө төрийн бус байгууллагуудын эвслийн УРИАЛГА

            Хаалттай бөгөөд олон нийтийн хяналтаас ангид олборлох салбарыг нээлттэй, тунгалаг болгох нийтлэг зорилгын дор Монголын иргэний нийгмийн төлөөлөл болох 16 төрийн бус байгууллага нэгдэн Олборлох салбарын ил тод байдлын төлөө ТББ-уудын эвсэл байгуулж үйл ажиллагаагаа эхэлснээ зарлаж байна.

 Олборлох үйлдвэрлэл, ялангуяа уул уурхайн салбар манай эдийн засгийн тулах цэг байсаар ирснийг манай эвсэл хүлээн зөвшөөрөхийн хамт энэ салбарын үр өгөөжийг нийгмийн тусын тулд илүү их нэмэгдүүлэх бололцоотой бөгөөд шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд өнөөг хүртэл хаалттай байсан салбарын ашиг орлого, уул уурхайн компаниудаас улс, орон нутгийн төсөвт төлж ирсэн татвар, хураамжийн дүн мэдээг бүрэн хэмжээгээр олон нийтэд ил тод тайлагнадаг болгохын төлөө эвсэлд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд тууштай тэмцэх болно. Манай эвсэл олборлох салбараас Засгийн газрын олж буй орлого, түүний зарцуулалтад олон нийтийн хүчтэй, үр нөлөөтэй  хяналт тогтоохын төлөө байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Т.Блэйр санаачлан,  байгалийн нөөц баялгаас ихээхэн хамааралтай 20 гаруй улс орон хэрэгжүүлж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад Монгол Улсын Засгийн газар 2006 оны эхээр  нэгдэн орсныг манай эвсэл дэмжихийн сацуу уг санаачлагыг хэрэгжүүлэх  ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн өргөн төлөөлөл даруй оруулахыг санал болгож байна. Олборлох салбарын чухал мэдээллүүдийг 2007 оны эхнээс олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр  ил тод тайлагнах нөхцлийг  бүрдүүлэхийн тулд ажлаа эрс эрчимжүүлэхийг  Үндэсний зөвлөл, ажлын хэсэгт уриалж байна.

Дээрх санаачлагыг хэрэгжүүлэхэд голлох  үүрэгтэй Олборлох салбарын  компаниудад олсон ашиг, орлого,  төсөвт төлсөн татвар хураамжийн тухай мэдээллээ хараат бус аудитын дүгнэлтээр баталгаажуулан аливаа цааргалалгүйгээр ил тод тайлагнан нийтлүүлж хэвшихийг ТББ-уудын эвсэл уриалж байна.Саяхан батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар ийнхүү ил тод тайлагнахыг  журамласан билээ.Тэрчлэн Засгийн газрын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлцэл, авсан лиценз, зөвшөөрлийн талаархи мэдээллээ олон нийтэд нээлттэй танилцуулж байхыг санал болгож байна. Олборлох салбар бизнесийн үйл ажиллагааныхаа гол гол мэдээллийг  олон нийтэд ил болгосноор тухайн салбарын нийгэм дэх үнэлэмж нааштайгаар өөрчлөгдөх төдийгүй уг салбар  урт удаан хугацаанд тогтвортой хөгжих угтвар нөхцөл бүрдэнэ гэж эвсэл үзэж байна.

Манай эвсэл Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сонирхолтой иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс зэрэг бүхий л субъекттэй зорилгынхоо хүрээнд үр ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэх болно.

Олборлох салбарын ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид онцгой үүрэгтэй. Монголын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчдэд  Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын олон нийтэд дэлгэхээс зайлсхийж байгаа чухал мэдээллүүдийг эрэн сурвалжилж ил болгон чөлөөтэй нийтэлж нэвтрүүлж байхыг эвсэл уриалж байна.

Засгийн газрын байгууллагууд болон олборлох салбарын компаниудын үйл ажиллагааг үр нөлөөтэй хянах, уул уурхайн салбарыг авилгалаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын оновчтой, үр ашигтай зарцуулалтыг бий болгох чухал арга зам нь гагцхүү Ил тод байдлыг хангах болно. Иймийн тулд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтэд бодитой хувь нэмрээ оруулж, үгээ зоригтой хэлж, хяналтаа чанд тавихыг Нийт иргэддээ уриалж байна.

Ариун суварга  хөдөлгөөн
Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо
Бүс нутгийн байгаль хамгааллын Хангай хан сүлжээ
Зориг сан
Ил тод байдал сан
Миний монголын газар шороо хөдөлгөөн
Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
Монголын жижиг дунд уурхайнуудын Монмин нийгэмлэг
Монголын ногоонтны хөдөлгөөний сүлжээ - Сэлэнгэ аймгийн зөвлөл, Ойн менежментийн холбоо
Монголын тул хамгаалах нийгэмлэг
Мэдээлэл олон нийтийн харилцааны Инфорум төв
Нээлттэй нийгэм форум
Онги голынхон хөдөлгөөн
Онон - Улз голынхон хөдөлгөөн
Уугуул хөдөлгөөн
Хүний эрх хөгжил төв