УУЛ УУРХАЙ: Айвенхоу Майнзын үйл ажиллагааг түр зогсоов (2006.10.10)
Улсын мэргэжлийн хяналтын газар /УМХГ/ Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс, Цогтцэций, Мандал-Овоо сумдад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийн дүнгээ өчигдөр гаргажээ. Тус газрын зөвлөлийн хурлаас эдгээр суманд үйл ажиллагаа явуулж буй Айвенхоу Майнз Монголия Инк, Чинхуа-Мак, Таван толгой транс болон Пү-шин Мон компанийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ гэж “Өнөөдөр” сонинд /¹236/ мэдээлжээ. Тэрчлэн химийн хорт бодис циана ашиглаж байсан "Буман трейд" компанийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргажээ.
УМХГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Я.Ариунзулын мэдэгдснээр "Айвенхоу Майнз Монголия Инк" компани аж ахуйн дотоод үйл ажиллагаанд ашиглахаар жилдээ 52 мянган шоо метр элсийг Ундайн голоос, 40 мянган шоо метр хайргыг харагдсан толгод болгоноосоо авч хэрэглэсний зэрэгцээ уурхайн босоо малталтын газар шорооны 360 мянган шоо метр ажлыг хийдээ экосистемд ямар нөлөөтэйг тооцоолоогүй байна. Энэ нь төсөл, барилга байгууламжийг барих буюу өргөтгөхөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх тухай хуулийн заалтыг зөрчсөн ажээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн нутаг дахь 83 лицензийн талбайд холбогдох сумдын Засаг дарга нараар байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй байжээ. Шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдийг арилгатал "Оюу толгой" төслийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байна. УМХГ-т энэ оны арванхоёрдугаар сарын 15 гэхэд энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ мэдүүлэхийг Айвенхоу Майнз компанид мэдэгдсэн байна.
Дээрх зөрчлүүд БНХАУ руу нүүрс экспортлодог Таван толгой транс, Чинхуа Мак компаниудад ч мөн илэрчээ. Хуульд зааснаар 50-100 тоннын хүнд даацын машин явах замыг говийн хөрсийг аль болох бага гэмтээх байдлаар тавих, хаанаас ямар карьер авах, дараа нь хэрхэн нөхөн сэргээх вэ зэрэг асуудлыг шийдсэн байх ёстой атал үүнийг шийдэлгүйгээр хэдэн зуун машин нүүрс говьд дураараа цувсаар өдий хүрчээ. Пу-шин Мон компанид 100 гаруй хятад хүн Монголд ажиллах зөвшөөрөлгүй, ажлын байрны төлбөр төлөлгүй нүүрс олборлон ашиг олж байсан нь тогтоогджээ. Дээрх компаниудын гаргаж буй олон салаа зам говийн эмзэг хөрсийг талхагдалд оруулж, тоосжилт бий болох нөхцөлийг хэдийнэ бүрдүүлжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсийг нүүрс, тоосоор бохирдуулж байгаа явдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй хэмээн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид үзэж байна.